Монгол Улс кибер аюулгүй байдлын түвшнээр 103 дугаарт жагслаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, ЖАЙКА кибер аюулгүй байдлын хүний нөөцийг чадавхжуулах текникийн хамтын ажиллагааны төслийг хэрэгжүүлж, Английн Оксфордын их сургуулийн Кибер аюулгүй байдлын чадавхын төвтэй хамтран Монголын кибер аюулгүй байдлын түвшнийг үнэлэх, судалгааны ажлыг танилцуулав.
2024 оны аравдугаар сард эхлүүлсэн энэхүү судалгааны тайланд
-Кибер аюулгүй
байдлын бодлого, эрх зүйн орчны уялдаа холбоог сайжруулах
-Олон нийтийн
мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх
-Кибер аюулгүй
байдлын хүний нөөцийг чадавхжуулах
-Олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатай байгааг онцолсон байна.
Түүнчлэн стандарт болон технологид хөрөнгө оруулалт шаардлагатай гэж дүгнэсэн бол кибер аюулгүй байдлын бодлого, стратегийн хувьд өндөр үзүүлэлттэй гарчээ. Мөн кибер гэмт хэрэгтэй тэмцэх хамтын ажиллагаа, хууль эрх зүйн хувьд “тогтвортой сайн” гэсэн үнэлгээ авсан байна. Судалгааны явцад үндэсний хэмжээнд кибер аюулгүй байдлын эрсдэлийг үнэлэх аргачлал, стандарттай болох, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, мэдлэг, ур чадвар олгох хөтөлбөрийг хэрэгжүүлэх, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр төр, хувийн хэвшил болон олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх зэргээр Монгол Улсын кибер аюулгүй байдлын экосистемийг бүрдүүлэх зөвлөмж өгчээ.
Тус судалгааг хийхдээ Их Британийн Засгийн газар, олон
улсын байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага, олон нийт, хувийн хэвшлийн
болон иргэний нийгмийн байгууллагаас бүрдсэн 200 гаруй мэргэжилтний “Кибер
аюулгүй байдлын чадавхыг үнэлэх загварчлал”-ыг ашигласан байна.
Кибер аюулгүй
байдлын экосистемийг дараах таван чиглэлээр үнэлсэн байна. Үүнд:
-Кибер аюулгүй
байдлын бодлого ба стратеги
-Кибер аюулгүй
байдлын соёл ба нийгэм
-Кибер аюулгүй
байдлын мэдлэг ур чадварыг хөгжүүлэх
-Хууль, эрх зүйн
орчин
-Стандарт ба
технологи
Мөн хэмжигдэхүүн тус бүрээр кибер аюулгүй байдлын чадавхыг эхэлж буй, хөгжиж буй, тогтворжсон, стратегийн, динамик гэсэн таван түвшинд тодорхойлжээ.
Монгол Улсын кибер аюулгүй байдлын өнөөгийн түвшнийг тодорхойлоход төрийн болон хувийн хэвшил, их, дээд сургуулиуд, эрдэм шинжилгээ, судалгаа болон кибер халдлага, зөрчилтэй тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагын кибер аюулгүй байдлын асуудлыг хариуцсан 110 гаруй мэргэжилтнийг хамруулсан аж. Манай Улс 2024 онд Дэлхийн цахилгаан холбооны байгууллагаас гаргадаг Кибер аюулгүй байдлын индексээр 56 оноогоор 193 орноос 103 дугаарт жагсаж, бэхжиж буй дунд түвшинд үнэлэгдсэн.
ЦХИХХЯ-ны Кибер
аюулгүй байдлын бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Пүрэвням ярихдаа, “Хууль,
эрх зүйн орчин, хамтын ажиллагааг сайжруулсан нь сайшаалтай бөгөөд хүний нөөц, дэд бүтэц, тоног төхөөрөмжийг
анхаарч ажиллах шаардлагатай байна. Кибер болон мэдээллийн аюулгүй байдлыг
хамгаалах нь зөвхөн төрийн хийх ажил биш бөгөөд төр, хувийн хэвшлийн оролцоо
чухал. Хүний нөөцийг чадавхжуулах үүднээс кибер аюулгүй байдлыг хариуцсан
мэргэжилтнийг 2021 оноос ШУТИС, өнгөрсөн оноос МУИС магистрын түвшинд бэлтгэж
тусдаа бие даасан салбар болон хөгжиж байна. Мэдээллийн аюулгүй байдлын аудит хийх, эрсдэлийн
үнэлгээнд үндэслэж шинжилгээ хийн зөвлөмжийн дагуу үйл ажиллагааг хэрэгжүүлснээр
эрсдэл багасна” хэмээв.