ОРХОН: Цахилгааны төлбөр нь хэт их гарч байгаа өрхийн судалгааг гаргана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-02-11 08:58:57

Баян-Өндөр, 2025 оны хоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Цахилгааны үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор халаалтаа цахилгаанаар шийдсэн өрхүүдийн сарын хэрэглээний төлбөр их гарч байгаа талаар санал, гомдол иргэдээс их ирж байна.


Үүнтэй холбоотойгоор “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн инженер, техникийн ажилтнууд энэ долоо хоногоос эхлэн гэр хорооллын өрхүүдээр орж ажиллахаар болжээ. Ингэхдээ цахилгаан, эрчим хүчний хэрэглээний сарын төлбөр нь хэт өндөр буюу 300 кВт цагаас дээш гарч байгаа айлуудын судалгаа гаргаж, уг судалгаан дээр үндэслэн тухайн өрхөөр орж цахилгаанаа хэмнэх боломж, зөвлөгөөг өгөхийн зэрэгцээ дулаан алдагдлыг нь хэмжих юм. Цахилгаан эрчим хүчээр халаалтаа шийдсэн өрх нэгдүгээрт дулаан алдагдалгүй байх ёстой.


Хоёрдугаарт өдрийн хэдийд цахилгаанаа залгаж, хэзээ таслах вэ гэхчлэн бага хэрэглээнд нийцсэн аргыг мэддэг байх нь чухал юм. Тиймээс мэргэжлийн байгууллагын зөвлөгөөг газар дээр нь биечлэн хүргэхээр төлөвлөжээ. Орхон аймаг, Эрдэнэт хотод 0-150 кВт цаг хэрэглэдэг хэрэглэгч 60 хувь, 150-300 кВт цаг хэрэглэдэг хэрэглэгч 20 хувь, 300 кВт-аас дээш хэрэглэгч 20 хувьтай байдаг байна.

Холбоотой мэдээ