Таваас дээш орон сууцтай, үнэтэй обьект эзэмшдэг хүмүүсийн түрээсийн орлогоос татвар авах ёстой гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-02-06 16:12:46

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/.  Татварын багц хуулийг шинэчлэх гэж буйтай холбогдуулан Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны аймаг, нийслэлийн салбарын удирдлага болон анхан шатны хороодын дарга, тэргүүлэгч, идэвхтэн сонгуультнууд “Монгол Улсын татварын тогтолцооны өнөөгийн нөхцөл байдал, шинэчлэх хэрэгцээ шаардлага” сэдвийн хүрээнд уулзалт зохион байгууллаа.


Энэхүү уулзалтын үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат, “УИХ-ын намрын ээлжит чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд татвар болон нийгмийн даатгалын тухай хуулийн шинэчлэл багтаж байсан. Татварын тухай хуульд цалингаас цалингийн хооронд ажилладаг бага, дунд орлоготой иргэдэд хөнгөлөлт үзүүлэх санал дэвшүүлж байгаа. Мөн иргэдийн цалинтай нь хамааруулж бага орлоготой бол татвараас бүр мөсөн чөлөөлөх хэрэгтэй байна. Иймэрхүү жишиг олон улсад байдаг. Тухайлбал, өрхийн нэг гишүүний ногдож буй орлого амьжиргааны баталгаажих доод түвшин юм уу, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага байвал ямар ч татвар авдаггүй. Ер нь 1.5 сая төгрөгөөс доош хэмжээний цалинтай иргэд ардаа гурван хүүхэд тэжээж байвал огт татвар авдаггүй байх хэрэгтэй. Иргэд НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох, эсвэл чөлөөлөх асуудлыг хөндсөн. Бага, дунд орлоготой, жижиглэн худалдаа эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллага НӨАТ-ын баримт өгдөг болох сэдлийг нэмэгдүүлэхээр шаталсан татварын асуудлыг ярьж байгаа.

Түүнчлэн орон сууцны түрээсийн орлогоос татвар авах нь буруу. Таваас дээш орон сууцтай, үнэтэй обьектыг эзэмшдэг иргэд түрээсийн орлогоосоо татвар төлдөггүйг болиулах ёстой. Орон сууцны үнэ маш өндөр байгаа. Хүмүүс орон сууц худалдаж авах нь мөрөөдөл болсон. Бохир мөнгөө эргэлдүүлж угаахын тулд үл хөдлөх хөрөнгийн зах зээл рүү оруулснаас болж орон сууцны үнэ хөөрөгдлөө. Залуус яаж цалингаараа байранд орж чадах билээ. Тиймээс аж ахуйн нэгжүүд ажилчдаа орон сууцаар дэмжсэн байвал татвараар дэмжих ёстой. Хэт олон орон сууцтай, түрээсийн орлоготой хүмүүсээс татвар авах ёстой” гэв.


Тэгвэл МҮЭХ-ны ерөнхийлөгчийн үүргийг орлон гүйцэтгэгч Б.Рагчаа, “Хүн амын орлогын албан татварыг сарын цалин таван сая төгрөг байвал таван хувиар авдаг болох шаардлагатай. Хүн амын орлогын албан татварт одоогийн хуулиар 120 сая хүртэлх төгрөгийн орлоготой хүнээс 10, 120-180 сая төгрөгт 15, 180-аас дээш бол 20 хувийн татвар авдаг. Тиймээс хүн амын бодит орлогыг нэмэгдүүлэн нэг шатлал доош буулгаж, жилийн орлого нь 60 сая төгрөг хүртэлх байвал ХАОАТ-ыг таван хувиар авдаг баймаар байна. Үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас олгодог хоол, унааны мөнгөнөөс орлогын албан татвар суутгаж байгааг болиулж, хүн амны наад захын хэрэгцээг хангаж байгаа мөнгөнөөс орлогын албан татвар суутгалыг хасах шаардлага хүргүүлнэ. Мөн орон сууцанд орох иргэдээ татварын бодлогоор дэмжиж, зургаан сая хүртэлх төгрөгийн хөнгөлөлтийг 10 сая төгрөг болгох хэрэгтэй. Хүүхдийн мөнгийг хүүхдийнхээ ирээдүйд зориулж хадгалж, хадгаламж нээдэг. Гэтэл хүүхдийн хадгаламжаас татвар авдаг. Тиймээс ядаж 100 сая төгрөгөөс дээш хадгаламжтай байвал татвар авах хэрэгтэй гэж үзэж байна. Мөн татвараа шударгаар төлж байгаа иргэдийг татварын хөнгөлөлт, урамшуулалд хамруулах хэрэгтэй” хэмээн ярилаа.

 

Холбоотой мэдээ