Цогтцэций суманд хүүхэд харах үйлчилгээнд 58 хүүхэд хамрагдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймгийн Цогтцэций суманд нийт 12 хүүхэд харагч 58 хүүхдэд үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд үүнээс 3 нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байгаа ажээ.
Тус суманд үйл ажиллагаа явуулж буй 5-н хүүхэд харах үйлчилгээ эрхэлж байгаа иргэдийн байраар шалгалт хийсэн байна. Хүүхдэд үйлчилгээ үзүүлж буй бүх байрууд стандартын шаардлага хангасан орчинд ажиллаж байжээ. Сумын хүүхэд харагч нарт БСУГазрын СӨБ-ын асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Өлзийбүрэн, Цогтцэций сумын ЗДТГ-ын нийгмийн асуудал хариуцсан мэргэжилтэн Цэцмаад байнгын зөвлөгөө зөвлөмж өгч хамтран ажилладаг гэнэ.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн а/174 дүгээр тоот тушаалын дагуу Өмнөговь аймгийн нутаг дэвсгэр дээр хоёр наснаас ерөнхий боловсролын сургуульд элсэх хүртэлх хүүхдийг өдрөөр харах үйлчилгээг үзүүлж буй иргэний үйл ажиллагаа нь холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, стандартын шаардлагыг ханган ажиллаж байгааг шалгаж, дүгнэлт гаргах зорилгоор Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас БСУГазартай хамтран ажиллаад ирсэн байна.
Цогтцэций сум нь уул уурхайн бүс нутаг бөгөөд сүүлийн жилүүдэд хүн ам олноор шилжин суурьшсан билээ. Тиймээс төрийн үйлчилгээ болон сургууль цэцэрлэгийн хүрэлцээ муутай сумдын нэг юм.
Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн