УВС: 18 хүртэлх насны уншигч хамгийн их буюу нийт уншигчийн 50,5 хувийг эзэлдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-01-20 14:30:22

Улаангом. 2025 оны нэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Увс аймгийн Нийтийн номын сангийн Сан хөмрөгийн номын санч Дүгэрсүрэнгийн Уранчимэгтэй ярилцлаа. Тэрбээр мэргэжлээрээ 14 дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд ажлын гараагаа өөрийн төгссөн сургууль болох Улаангом сумын ЕБ-ын 4-р сургуулиас эхэлжээ.

-Сүүлийн жилүүдэд аймгийн Нийтийн номын сангаар үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдэж байна уу?

-Манай номын сангаар үйлчлүүлэгчдийн тоо жил бүр нэмэгдэж байгаа. Тэр дундаа 18 хүртэлх насны уншигч хамгийн их буюу нийт уншигчийн 50,5 хувь, 18-24 насны уншигч нийт уншигчийн 21,9 хувийг эзэлж байна. Мөн 25-35 насны уншигч нийт уншигчийн 9,9 хувийг, 36-50 насны уншигч нийт уншигчийн 10,2 хувь, 51-ээс дээш насны уншигч нийт уншигчийн 6,3 хувийг эзэлж байгаа.


Хүйсийн ангиллаар нь авч үзвэл нийт уншигчийн 59,7 хувь нь эмэгтэйчүүд байна. Энэ нь бага насны хүүхдүүд, мөн эмэгтэйчүүд ихээр ном уншиж байгааг харуулж байгаа юм. Манай номын сангаас уншигчдын тоог нэмэгдүүлэх талаар соёл олон нийтийн ажлыг ихээр санаачлан зохион байгуулдаг.

Ялангуяа Зөөврийн номын сангийн үйлчилгээг албан байгууллага, айл өрхүүд, зах, худалдааны төвүүдэд тогтмол үзүүлж байна. Мөн сүүлийн гурван зун дараалан Гашууны голын зусланд болон Гиваан баатрын талбайд Гэр номын сан ажиллуулсан. Түүнчлэн алслагдсан багуудад очиж Нүүдлийн номын сангийн үйлчилгээ үзүүлдэг.

Номын баярыг жилд хоёр удаа тэмдэглэж, энэ үеэр иргэд, хүүхэд залуучуудын дунд соёл олон нийтийн ажлыг олноор зохион байгуулж хэвшсэн.


-Номын санч хүний хувьд мэргэжлээ хэрхэн сурталчилдаг вэ?

-Өөрийн мэргэжлээ сурталчлах ажлыг тогтмол хийхийг боддог. Гаднаас нь харахад зүгээр сууж байгаа юм шиг боловч номын санчийн ажил үнэхээр амаргүй. Гол нь ажлынхаа үнэ цэнийг хүн ойлгож ажиллах ёстой. “Номын санч бол мэргэжил бүхний хаан нь” гэж ярьдаг.  Номын санч хүн өөрөө хамгийн сайн уншигч, шинжээч, судлаач байх ёстой, тэгж байж бусдыг зөв чигт хөтөлнө. Мэргэжлээ сурталчлах  чиглэлээр жил бүр ажил зохион байгуулдаг бөгөөд өнгөрсөн онд аймгийн төвийн ЕБС-ийн ахлах ангийн 110 сурагчид мэргэжлээ сурталчлах яриа таниулга хийсэн.


-Ном уншихын ач тусыг уншигчдад хэрхэн уриалдаг вэ?

-Ном уншихын ач тусыг уншигчдад уриалах зорилгоор манай номын сангаас жил бүр олон шинэ ажлыг зохион байгуулж ирсэн. Энэ чиглэлээр СӨБ-ын хүүхдүүдэд чанга уншлага, ЕБС-ийн сурагчдад болон албан байгууллагуудаар яриа таниулга хийж хэвшсэн.

2024 онд нийтдээ 350 гаруй уншигчид “Ном уншихын ач тус” сэдвээр яриа хийсэн. Мөн ном унших сэдлийг төрүүлэх зорилгоор Увс аймгийн Төв номын сан пэйж, блог хаягуудаараа мэдээлэл дамжуулахаас гадна миний бие долоо хоног бүрийн баасан гарагт шинэ болон сэдэвчилсэн номын тойм мэдээг “Увс нам бус телевиз”-д өгдөг. Ер нь өөрт таалагдсан болон шинэ соргог мэдээлэлтэй номыг аль болох олон хүн авч уншаасай гэж боддог. 


-Танайд ховор ном судар бий юу? 

-Манай номын санд тод болон төвөд судрууд хадгалагдаж байгаа. Гэхдээ төвөд судар нь ихэнх хувийг эзэлдэг. Ном судраа хадгалж хамгаалах тал дээр олон ажил санаачлан хийсэн. Эдгээрийн нэг нь 2019 онд бүх судартаа шинэ баринтаг хийсэн бол 2023, 2024 онд лам нарыг урьж судар номоо уншуулах ажлыг зохион байгуулсан. Цаашид судар номоо зориулалтын чиглэлээр нь хадгалах тал дээр анхаарч ажиллана.   


-Ямар номууд хамгийн их уншлагад гардаг вэ?

-Хамгийн их уншлагад гардаг нь уран зохиол болон аман зохиол, утга зохиол судлал, түүх, байгалийн шинжлэх ухааны номууд байдаг. Уншигчдын сонирхол, нас наснаасаа шалтгаалаад өөр өөр байдаг. Гэхдээ хүүхдүүд ихэвчлэн зураг ихтэй, зургаар үйл явдлыг нь илэрхийлсэн номыг их сонирхож, уншдаг. Уран зохиолын болон танин мэдэхүйн цуврал ном унших сонирхолтой байдаг. Тэдгээр номууд ч хүүхдийн нас насны ангилал заасан тул уншихад нь хялбар, унших сэдэл төрүүлэхүйц байдаг. Насанд хүрэгчид уран зохиол, түүх, амьдрах ухаан, байгалийн шинжлэх ухаан гэх мэт өөрт хэрэгцээтэй, өөрийн сонирхлын дагуу номоо шимтэн уншдаг. 

-Баярлалаа. Амжилт хүсье.

 

Холбоотой мэдээ