Д.Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
khandmaa@montsame.gov.mn
2025-01-12 13:41:44

Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Нийслэлийн төв талбайд өчигдөр 11:00 - 20:00 цаг хүртэл олон зуун хүнийг хамарсан жагсаал боллоо. Жагсаалд оролцогчид тайван замаар үзэл бодлоо илэрхийлэхийг цагдаагийн байгууллагаас уриалсан байна.


Жагсаалд оролцож буй иргэд “Засгийн газар огцор” хэмээх лоозон барьж, “Засгийн газар утаа, түгжрэл, ядуурал, авлига, татвар, ажилгүйдэл зэрэг асуудлыг шийдвэрлэхэд дорвитой ажил хийж чадахгүй, хөдөлмөр эрхлэгчдийн нуруунд хүнд ачаа үүрүүлж байна” хэмээн үзэл бодлоо илэрхийллээ.


Жагсаалыг зохион байгуулж буй Эрх чөлөөний эвсэл намаас тус жагсаалыг нэгдүгээр сарын 22-н хүртэл үргэлжлүүлэхээ мэдэгдээд байна. Түүнчлэн тус намаас Засгийн газрыг огцруулах санал гаргуулахаар УИХ-ын 33 гишүүнд албан бичиг хүргүүлээд буй ажээ.


Жагсагчид өчигдөр Төв шуудангийн уулзварыг хааснаас түргэн тусламж болон онцгой байдлын тусламж үйлчилгээг шуурхай хүргэхэд хүндрэл учруулах эрсдэлтэй байсныг цагдаагийн байгууллагаас сануулсан байна. Мөн жагсаалыг өчигдөр 11:00 - 17:00 цагийн хооронд зохион байгуулах зөвшөөрөл олгосон байсан тул хууль журмаа хэрэгжүүлэхийг анхааруулжээ. 



Холбоотой мэдээ