ОРХОН: Анхны дижитал музейгээр 30000 гаруй хүн зочилжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНБаян-Өндөр, 2024 оны арванхоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/ Орхон аймагт анхны дижитал музейг ашиглалтад оруулснаас хойш гурван жилийн хугацаанд 30000 гаруй хүн зочилжээ.
Сар бүр 800-900 орчим зочин төлөөлөгч, хотын иргэд, сурагч оюутнууд музейгээр үйлчлүүлж, танин мэдэхүйн мэдлэгээ дээшлүүлэн, Эрдэнэт хот болоод үйлдвэрийн түүхэн замналтай танилцаж байна.
Эрдэнэт хот Эрдэнэт үйлдвэртэй салшгүй холбоотойг илэрхийлэх тус музейд Монгол орны уул уурхай, Цахим мэдээлэл, Түүхэн замнал, Үйлдвэрлэл, технологи инновац, “Нийгмийн хариуцлагатай-Эрдэнэт үйлдвэр”, “Бидний бахархал” гэсэн зургаан танхимтайгаас гадна үйлдвэрийн 46 жилийн түүх, судлал, хөгжил дэвшилтэй холбоотой биет болон биет бус өв, 200 гаруй видео нэвтрүүлэг, 1000 гаруй үзмэр, 160 гаруй ном бүтээл байдаг.
Музей шимтэн үзэгч зочид төлөөлөгчид орчин цагийн дижитал техник
хэрэгслээр дамжуулан мэдээлэл авахыг сонирхон үзэхээс илүүтэй тэртээх 1974 оны
Эрдэнэт үйлдвэрийн анхны баяжмал гаргах үйлдвэр байгуулахаар болсон тухай он
цагийн тушаал шийдвэрийг ихээхэн шимтэн үздэг байна.
Мөн Эрдэнэт
хотын анхдагч, илгээлтийн эздийн ховор түүх дурсамжийг багтаасан эд хэрэгсэл,
байгалийн үнэт эрдэнэсүүдийг ч дэлгэн тавьжээ. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын
дижитал музей Эрдэнэтийг зорин ирэх зочид төлөөлөгчдийн нүд, сэтгэлийг өдөр бүр
баясган тасралтгүй ажиллаж, Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрээ танилцуулж байна.