ДАРХАН-УУЛ: Стандарт хэмжилзүйн хэлтсийн лабораторийг бүсийн хэмжээнд ажиллуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-12-02 12:31:34

Дархан, 2024 оны арванхоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Дархан-Уул аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн лабораторийн үйл ажиллагаатай танилцлаа.


Албан хаагчидтай уулзаж, орон нутагт ажиллах хүчний нөөц, шаардлагатай ажил, тулгамдсан асуудлын талаар ярилцан, зарим асуудлыг шийдвэрлэв.


Хүн бүрийн эрүүл, аюулгүй амьдралын баталгаа нь стандарт байдаг. Стандартыг хэрэгжүүлснээр хүн амын амьдралын чанар сайжрахаас гадна Монгол Улсыг хөгжүүлэх бодлогын баримт бичгүүдийг үр дүнд хүргэх хамгийн чухал замын зураглалын нэг хэсэг нь чанарын стандарт, тохирлын үнэлгээ, хэмжил зүйн бодлогын гол асуудал гэж Шадар сайд С.Амарсайхан онцлов.


Салбарын хувьд зөвхөн тоног төхөөрөмж шинэчлэхээс гадна үйл ажиллагаа тасалдахгүй, хэвийн үргэлжлэх нөхцөл боломжийг бүрэн дүүрэн хангах нь зүйтэй. Тиймээс Дархан-Уул аймгийн СХЗХ-ийн үйл ажиллагааг Төвийн бүсийн жишиг лаборатори болгоход шаардлагатай 300 сая төгрөгийг ирэх оны төсөвт суулгаж, шийдвэрлэхээр болсныг алба хаагчидтай уулзах үеэрээ мэдэгдэв. 


Харин Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар, "21 аймаг дахь СХЗХ-ийн сорьцын лаборатори нь химийн, микробиологийн, ургамал, хорио цээрийн шинжилгээ хийж үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр лабораториудыг түшиглэн стандартчилал, хэмжил зүй, тохирлын үнэлгээ, сорьцын хяналтыг хэрэгжүүлэн, стандартын шаардлага хангаж, эрүүл, аюулгүй амьдралын баталгаа бүрдэнэ.

Үүний тулд нарийн мэдрэмжит багаж, тоног төхөөрөмжөөр хангах, шаардлага хангасан байртай болох, өнөөдрийн байдлаар үзүүлэлтийг 15-30 хувь үзэж байгааг ойрын хугацаанд 50-70 хувьтай болох нэн тэргүүний ажил бий. Ингэснээр хүнс, хөдөө аж ахуйн гол дотоодын нийлүүлэлтийг хангах боломж бүрдэнэ" гэдгийг хэлсэн юм. 









Холбоотой мэдээ