Дулааны цахилгаан станц барих асуудлыг дахин судална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-10-19 19:50:02

Баянхонгор аймагт Дулааны цахилгаан станц барих ажлын төлөвлөгөөг дахин нягталж үзээд одоо хийгдээд байгаа зураг төсвөөр барьж болохоор байвал ирэх жилээс ажлыг эхлүүлэхээр болжээ.

Мөрийн хөтөлбөртөө тусгачихсан учраас заавал хэрэгжүүлэх ёстой гэж яарвал орон нутгийнхаа эрх ашгийг удаан хангаж чадахгүй байх асуудал үүсчих вий гэдэг зовнил байгаагаа албаныхан нуусангүй. 

"Дулааны цахилгаан станцын хүчин чадал нь ямар байх юм, ирээдүйд ямар хэмжээний дулаан цахилгааны эх үүсвэр хэрэгтэй байгаа юм гэдгээ аймаг өөрөө тооцоо судалгаатай гаргах шаардлагатай байгаа. Саяхан хотын Ерөнхий төлөвлөгөөг хэлэлцэх явцад 2020 оны түвшинд Баянхонгор аймгийн дулааны нийт хэрэглээ 70 мвт гэж тооцогдсон. Гэтэл одооны барих гэж байгаа станцыг 35 мвт-аар төлөвлөж, төсөвлөөд, түүний дагуу зураг, ТЭЗҮ зэрэг нь хийгдчихсэн. Гэтэл 3 жилийн дараагаас Дулааны цахилгаан станцаа дахин өргөтгөх шаардлага тулгарна. Тиймээс энэ талаар дахин нягтлая, тэгээд дахиж энэ асуудлаа оруулах нь зүйтэй" хэмээн аймгийн Засаг дарга үзэж буй аж.
                                                                                                                        Б.Мөнхзул

Холбоотой мэдээ