БАЯНХОНГОР: Хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлсэн шинэ амбулаторио ашиглалтад орууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-09-03 14:27:13

Баянхонгор, 2025 оны есдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэг 41 жилийн дараа зориулалтын, стандартад нийцсэн шинэ амбулаторитой боллоо.

Амбулаторийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр болж, Баянхонгор аймгийн 90 мянга шахам иргэн хоёр дахь шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээг хүлээгдэл, чирэгдэл багатайгаар авах нөхцөл бүрдэж байна.

Лабораторийн барилгыг БНСУ болон улсын хэмжээний үйл ажиллагаа явуулдаг төрөлжсөн болон тусгай мэргэшлийн төв эмнэлэг, хувийн томоохон эмнэлгээс туршлага судалж, орон нутагт анх удаа жишиг амбутатори байгуулж буйгаараа онцлог.


Өнөөдрийн байдлаар Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэг нь 16 тасаг нэгжид 374 эмч, эмнэлгийн ажилтантайгаар ажиллаж 354 ортойгоор, жилд дунджаар 11-13 мянган үйлчлүүлэгчийг хэвтүүлэн эмчилж байна. Харин амбулаторийн үзлэгт жилд 160 мянга гаруй иргэн хамруулдаг бол лабораторид 146 мянга гаруй шинжилгээ хийдэг байна.

Өдгөө амбулаторийн 25 кабинетад 54 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байгаа бөгөөд хуучин амбулатори өдөрт 500 хүртэлх хүнд үйлчилдэг байсан нь хүртээмж хоёр дахин нэмэгдэж, 1000 хүртэлх хүнд бүрэн, цогц үйлчилгээ үзүүлэх орчин бүрдэж байгаа юм. Амбулаторийн барилга 3400 м.кв, 4 давхар, 200 авто машины зогсоолтой. Өмнөх амбулатори 40 өрөөтэй байсан бол шинэ амбулатори 88 өрөөтэй. Кабинет бүр мэдээллийн цахим хөтөчтэй, үйлчилгээ хариуцсан тусдаа сувилагчтай байх зэрэг зохион байгуулалт хийжээ.

Шинэ амбулаторийн барилгын ажил 2019 онд эхлүүлж, улсын төсвийн 9.5 тэрбум төгрөгийн хөрөнгөөр энэ онд ашиглалтад оруулж байна. Орон нутгийн хөгжлийн сангаас тавилга, эд хогшил, мэдээлэл технологи, гал тогооны тохижилтод зориулж 500 сая төгрөг, гадна тохижилт, авто машины зогсоол, явган хүний зам барихад 280 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.

Сонирхуулахад, Баянхонгор аймаг 2025 оныг Эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласан. Мөн сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн салбарт томоохон хөрөнгө оруулалтыг шийдвэрлэн ажиллаж байгаа юм. Тус аймаг 2020 оноос хойш орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 13 орчим тэрбум төгрөгийг эрүүл мэндийн салбартаа зарцуулжээ.




Холбоотой мэдээ