БАЯНХОНГОР: Өлзийт суманд Хэл хуурын танхим байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-11-07 14:48:19

Баянхонгор, 2024 оны арваннэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Өлзийт сумын Соёлын төвд монгол уламжлалт хэл хуурын танхим байгуулах сургалт зохион байгуулж, 80 гаруй иргэн оролцжээ.

Соёлын бүтээлч сарын хүрээнд Баянхонгор аймгийн СУАЖЗГ, Монгол Улсын Соёлын элч, "Монгол угсаатан, хэл хуурчдын холбоо"-ны ерөнхийлөгч Б.Нарандэлгэр багийнхны хамт Өлзийт сумын Соёлын төвд ажилласан бөгөөд хэл хуур хөгжмийг түгээн дэлгэрүүлэх, олон нийтэд сурталчлах, хойч үедээ өвлүүлэх, хэл хуур урлаач, өвлөн уламжлагчдыг бүртгэх ажлыг өрнүүлсэн байна. Ажлын багийнхан сургалтаар гурван аймгийн дөрвөн суманд хэл хуурын танхимыг байгуулаад байгаа аж.

Ардын язгуур урлагийн төрөл нь "хэл хуур" юм. Дэлхий дахинд хэл хуурын өвийг уламжилсан 160 орчим улс байдаг бөгөөд анхны язгуур эх өв нь Төв Ази, түүн дотроо Монгол Улсаас үүсэлтэй хэмээх эрдэмтдийн судалгаа бий. Хэл хуур нь хэлбэр, хийц энгийн атлаа өвөрмөц тансаг аялгуугаараа хөгжим сонирхогчдын анхаарлыг татдаг бөгөөд хэдэн мянганы түүхтэй атал анхны хэв шинжээ алдалгүй өнөөг хүрсэн, уян харимхайн хүчийг ашиглан бүтээсэн хөгжмийн зэмсгүүдийн нэг.


Орчин цагт хэл хуурыг аман хуур хэмээн эндүүрэх нь бий. Угтаа хуурын дунд хэсэгт байрлах чичирхийлэн хөдөлж, авиа гаргадаг хэсгийг хэл хэмээдэг бөгөөд үүнээс нь үндэслэн хэл хуур хэмээн нэрийдсэн байдаг. Харин хулсан болон ясан, төмөр хуур гэдэг нь хийсэн материалын онцлогоос хамаарч ангилан ялгасан нэршил. Төмөр хуур вааран хэлбэртэй бөгөөд чичирхийлэл үүсгэхийн тулд хэлний үзүүр хэсэгт матаастай байдаг бол хулсан хуур ихэвчлэн тэгш өнцөгт хэлбэрийн хэл нь үзүүртээ товхтой байдаг байна.


"Монгол уламжлалт хэл хуурын өдөр" баярын хурлыг Улаанбаатар хотноо энэ сарын 11-нд зохион байгуулахаар товлосон бөгөөд хэл хуур тоглооч, өвлөн уламжлагч, судлаач, урлаач, сонирхогч хэн бүрт нээлттэй. Мөн үеэр хэл хуурын үзэсгэлэн, монгол хэл хуур хөгжмийн тухай судлаачдын илтгэл, монгол уламжлалт хэл хуур өвлөн уламжлагчдын тайлбарт тоглолт үнэ төлбөргүй болох юм.

Холбоотой мэдээ