СЭЛЭНГЭ: 485.224 жуулчин үзэсгэлэнт газруудаар аялжээ
ФОТО МЭДЭЭСүхбаатар,
2024 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ
аймаг 2024 оныг "Аялал жуулчлал, ногоон хөгжлийг дэмжих жил" болгон
зарлаж, дотоодын болоод гадаадын аялагч, жуулчдын сэтгэлийг татах олон ажлыг хэрэгжүүлж байна.
Энэ жилийн
тухайд Сэлэнгэ аймагт 485.224 аялагч хүрэлцэн иржээ. Эдгээр аялагчдын
тухайд ОХУ, БНСУ, АНУ, БНХАУ, Япон, Герман улсын иргэд байна.
Сэлэнгэ аймагт дотоодын жуулчдын
сэтгэлийг татдаг хэд хэдэн онцлог газар бий тухайлбал, Шаамар сумын “Ээж” мод
хэмээх тахилгатай мод, Дулаанхаан уул, Алтанбулаг сумын Номтын ам Далийн ягаан
цэлцэг, Буур хээрийн тал, Гүн нуур, Сайхны хөтөл, Мандал сумын Ширхэнцэг
уул, Ноён уул, Баруунбүрэн сумын Амарбаясгалант хийд зэрэг юм.
Зарласан
жилийн хүрээнд дээрх үзмэрүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулахаар орон нутгийн
төр захиргаанаас аялал жуулчлалыг хөгжүүлэх санал санаачилгыг дэмжин зочдод
зориулсан төрөл бүрийн таатай үйлчилгээнүүдийг нээжээ.
Тодруулбал, Сэлэнгийн брэнд болсон олон төрлийн ногоогоор амталсан
зууш, жимс жимсгэнэ, ундаа жүүс, цай, кофе зэрэг үйлчилгээг өргөжүүлж, 6.00 цагаас эхлүүлдэг болсон байна.
Тус
аймаг нь Монгол орны умард хэсэгт Орхон-Сэлэнгийн үзэсгэлэнт ойт хээрийн бүсэд
42.8 мянган хавтгай дөрвөлжин км газар нутгийг эзлэн оршдог. Зүүн талаараа Хэнтийн нуруу,
баруун талаасаа Хангайн нурууны салбар болох Баянхан, Бүрэнхан, Бүтээл,
Дулаанхан, Дэлгэрхан, Сонгоол зэрэг томоохон уул нуруудаар хүрээлэгдсэн.
Цагаан,
Гүн, Гялаан, Дангаа, Ишгэнт зэрэг нуур Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Зэлтэр,
Хүдэр, Цөх, Шарын гол зэрэг том жижиг 86 гол мөрөнтэй.