Спортын анагаах ухааны чиглэлээр ОХУ-тай хамтарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2024-09-09 14:43:44

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. БТСУХ-ны харьяа Спортын анагаах ухаан эрдэм шинжилгээний төвөөс ОХУ-ын Спортын анагаах ухаан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн сэргээх нийгэмлэгтэй хамтран эмч мэргэжилтнүүд, дасгалжуулагч, тамирчин нарт “Спортын анагаах ухааны хөгжлийн чиг хандлага” сургалт зохион байгууллаа.


Нээлтэд Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга хэлэхдээ, “Монгол Улсад спортын анагаах ухааны салбар үүсэж хөгжөөд 63 жил болж байна. Спортын анагаах ухааны эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах, тамирчдад тулгарч буй өвчлөл, бэртэл гэмтэл зэрэгт оношилгоо эмчилгээ, тамирчдын өндөр ачааллын дараах сэргэлтийг сайжруулах талд харилцан туршлага солилцон хамтын ажиллагаагаа улам тэлж ажиллана гэдэгт итгэлтэй байна” хэмээв.


Сургалтаар өвдөгний урд чагтан холбоосын гэмтэл үүсэхэд түнхний зарим булчингийн хүч болон өвдөгний кинематикийн холбоо хамаарал, барилдааны төрлүүдээр тамирчдыг бэлтгэх зарим чиг хандлагууд, эмнэлэг, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, тамирын идэвхтэй дасгалаар хичээллэгч хүүхдүүдийн дундах нурууны сколиоз хэлбэрийн өөрчлөлтийг эрт оношлох, засах сэдвээр илтгэл тавив.

Мөн тамирчдын спортын бэлтгэлийн үед хамт хийгдэх сэтгэл зүйн зарим практик аргууд, дасгалжсан тамирчны Д амин дэмийг спортын төрөлтэй харьцуулан судалсан дүнг танилцуулсан юм.

Энэхүү сургалтад ОХУ-ын Буриад улсын эмнэлэг, биеийн тамирын диспансерийн ерөнхий эмч Шубин Ярослав Леонидович, ОХУ-ын Эрхүү мужийн эмнэлэг, биеийн тамирын диспансерийн ерөнхий эмч Губин Дмитрий Георгиевич нарын 26 эмч арга зүйн зөвлөгөө өгсөн юм.


ОХУ-ын Буриад улсын эмнэлэг, биеийн тамирын диспансерийн ерөнхий эмч Шубин Ярослав Леонидович хэлэхдээ, “Спортын анагаах ухааны чиглэлээр хоёр улсын эмч мэргэжилтнүүдэд зориулсан сургалтг анх удаа зохион байгуулж буйгаараа онцлогтой.  Спортын анагаах ухааны сул болон давуу тал аль ч улс оронд байдаг. ОХУ-д спортын анагаах ухаан өндөр хөгжсөн. Тухайлбал, бид дөнгөж төрсөн нярайг ямар спортоор хичээллэвэл өндөр амжилт гаргах вэ гэдгийг генийн түвшинд тодорхойлдог судалгааг эхлүүлээд байна. Спортын анагаах ухаан тамирчдыг өндөр амжилт гаргахаас илүүтэй эрүүл хүн байлгахад анхаардаг учир цаашид судалгаа шинжилгээны ажлыг эхлүүлж, хамтран ажиллахаар төлөвлөж байна” гэв.


Сургалтыг цаашид хоёр улсад зохион байгуулах, өндөр зэрэглэлийн тамирчдын хамтарсан бэлтгэлийн үед судалгаа шинжилгээний багийг ажиллуулах, туршилтын ажлуудыг эхлүүлэх зэрэг спортын анагаах ухаан чиглэлээр хамтран ажиллахаар төлөвлөжээ.



Холбоотой мэдээ