Б.Батцэцэг: Монгол Улс тэнцвэртэй, олон тулгуурт гадаад бодлогоо тууштай баримтална
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Гадаад Харилцааны
сайд Б.Батцэцэгээс ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины айлчлалын үр дүн, түүнийг
тойрсон зарим асуудлын талаар тодрууллаа.
- Манай улс ихээхэн идэвхтэй гадаад
бодлого явуулж байгааг илэрхийлэх олон айлчлал сүүлийн жилүүдэд болж байна. Энэ
онд л гэхэд “Гуравдагч хөрш”-үүдийн Гадаад хэргийн сайдаас эхлээд хэд хэдэн
орны төрийн тэргүүн нар айлчилсан. Харин өчигдөрхөн өндөрлөсөн ОХУ-ын
Ерөнхийлөгч В.Путины айлчлал нэлээд анхаарал татаж байна?
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал дотоодод
төдийгүй олон улсын анхаарлын төвд байлаа. Үүнтэй холбогдуулан зарим мэдээллийг
та бүхэнд өгье гэж бодсон юм. Энэ талаар ярихын өмнө Монгол Улсын өвөрмөц
байрлал, геополитикийн орчин, түүнээс үүдэлтэй аюулгүй байдал, гадаад бодлогын
суурь зарчмаа заавал дурдах ёстой болно.
Монгол Улсын гадаад бодлогын байдлын үзэл баримтлалд “ОХУ, БНХАУ-тай найрсаг харилцаатай байх нь Монгол Улсын гадаад харилцааны бодлогын эн тэргүүний зорилт мөн бөгөөд тэдгээр улстай бүхэлдээ тэнцвэртэй харилцаж, сайн хөршийн ёсоор өргөн хүрээтэй хамтын ажиллагаа хөгжүүлнэ. Чингэхдээ энэ хоёр улстай харилцаж ирсэн түүхэн уламжлал, эдийн засгийн хамтын ажиллагааны өвөрмөц онцлогийг харгалзана” гэж заасан байдаг.
Хөрш орнуудтайгаа найрсаг, тогтмол харилцаа, хамтын ажиллагаатай байх нь аль ч орны хувьд чухал ач холбогдолтой. Иймээс бид хөршүүдтэйгээ хоёр болон гурван тал, мөн олон талт бүхий л хэлбэрээр тогтвортой харилцаж ирсэн. Цаашид ч ийм байх болно.
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны мөрийн хөтөлбөрийн хүрээнд 14
мега төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Цөөнгүй төсөл дээр хоёр хөрштэйгөө
хамтран ажиллана.
Хоёр жилийн өмнө БНХАУ, ОХУ-ын Гадаад хэргийн сайд нар Монголд ирсэн. Сая
ОХУ-ын төрийн тэргүүн айлчиллаа. Монгол, Хятадын дипломат харилцааны 75 жилийн ой, Иж бүрэн стратегийн
түншлэлийн 10 жилийн ойг тохиолдуулан БНХАУ-аас өндөр түвшний айлчлалыг ойрын
хугацаанд хэрэгжих гэж байна.
Аливаа айлчлал, уулзалтыг эртнээс тохирч, төлөвлөдөг. Тэр тусмаа дээд, өндөр түвшинд бол бүр ч их хугацаа, бэлтгэл шаарддаг. Харилцааны түүх, онцлогоос шалтгаалаад тодорхой давтамжтай, уламжлал болсон айлчлалууд ч хийгддэг. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 онд ОХУ-д айлчлахдаа В.Путин Ерөнхийлөгчийг Халх голын ялалтын 85 жилийн ойгоор Монгол Улсад ирэхийг урьсны дагуу уг айлчлал боллоо. Өмнө нь Халх голын ялалтын 70, 75, 80 жилийн ойгоор ОХУ-ын төрийн тэргүүн Монгол Улсад айлчилж байсан уламжлалтай. Мэдээж эдгээр айлчлал хоёр талын худалдаа, эдийн засаг, дэд бүтэц гээд цаг үеийн асуудлыг хэлэлцэн, шийдвэр тохиролцоонд хүрэх таатай боломж олгодог онцлогтой.
Энэ бүх айлчлалын цаана гадаад бодлогын тэнцвэрийг хадгалах зарчим мөрдөгдөөд явж байна гэсэн үг. Ер нь манай гадаад бодлогын “амин сүнс” нь тэнцвэртэй харилцаа гэж би өмнө хэлж байсан. Хоёр хөршийн зэрэгцээ гуравдагч хөршүүд гэж байна.
Хоёр хөрштэй хөгжүүлж буй харилцаа хоорондоо тэнцвэртэй байхаас гадна
гуравдагч хөршүүдийн харилцааны нийлбэр дүнтэй бас тэнцвэртэй байх ёстой.
-Сүүлийн
2-3 жил манай улсын гадаад харилцаа эрчимтэй өрнөсөн. Польш, Франц, Киргиз,
Гэгээн Ширээт, Герман, Беларусь, Лаос, Бутан, Швейцар, Словени гээд олон улсын
төрийн тэргүүн нар манайд айлчилсан. ОХУ-ын Ерөнхийлөгчийн дараа өмнөд хөршөөс,
мөн гуравдагч хөршүүдээс дээд, өндөр хэмжээний айлчлалууд хэрэгжинэ гэсэн үг
байх нь ээ?
-Цар тахлаас хойш буюу 2022 оны хавраас Монгол
Улсын гадаад харилцаа эрчимтэй, идэвхтэй өрнөж байна. Сүүлийн 30 гаруй жилийн
дунджаар авч үзэхэд манай улсын дээд, өндөр түвшний айлчлалын урсгал гол төлөв
гадаад руу чиглэдэг байсан. Жилд цөөн тооны томоохон айлчлал хүлээн авдаг
байсан. Харин сүүлийн 2 жилийн хугацаанд гэхэд 11 улсын төрийн тэргүүн, 7
улсын парламентын дарга, 17
улсын Гадаад хэргийн сайд нараас гадна НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн
дарга, НҮБ-ын Женев дэх төв, ДЭМБ, ЮНЕСКО, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн
байгууллага, НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын удирдлагууд тус
тус Монгол Улсад айлчилсан.
Хоёр их
гүрний дунд оршин тогтнож, бие даасан бодлого явуулж буй Монгол Улсыг сонирхох
гуравдагч хөршүүдийн сонирхол илт нэмэгдэж буй нь манай улсын “энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан,
олон тулгуурт” гадаад бодлого өндрөөр үнэлэгдэж, манай улсын нэр хүнд
өссөний тод илрэл юм. Манай
улсын газар зүйн байршил, эдийн засгийн чадал, нөөц бололцоо зэрэг онцлог
нөхцөл байдлыг гуравдагч хөрш орнууд сайтар ойлгож байгаагаа ч тогтмол
илэрхийлдэг.
-ОХУ-ын
Ерөнхийлөгчийн айлчлал гэнэтийн зүйл байгаагүй, гадаад бодлогын зарчмуудаа
хангах хүрээнд хийгдсэн болохыг та тайлбарлалаа. Одоо тэгвэл айлчлалын агуулга,
үр дүн болон түүнтэй холбоотой зарим ээдрээтэй асуудлын талаар тодруулж болох
уу?
-Тэгэлгүй яах вэ. ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлал
манай иргэд, олон нийтийн дунд томоохон мэтгэлцээний сэдэв болж байна. Энэ бол
ардчилсан, чөлөөт, эрүүл нийгэмд байх ёстой зүйл. Иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх
ёстой. Харин төр, засгаас үнэн, зөв, бодиттой мэдээллээр хангах үүрэгтэй.
Түүхэн, уламжлалт харилцаанаас гадна түлш, эрчим хүчнийхээ дийлэнхийг ОХУ-аас худалдан авдаг өнөөгийн бодит байдал зэрэг нь айлчлалыг хэрэгжүүлэх эдийн засаг, цаашлаад аюулгүй байдалтай холбоотой хүчин зүйл, шаардлага байсан. Манай улс газрын тосны бүтээгдэхүүний 95 хувь, цахилгаан эрчим хүчний 25 хувийг ОХУ-аас импортоор авдаг.
Тиймээс энэ удаагийн айлчлалаар хоёр тал түлхүү эрчим хүчний хамтын ажиллагааны талаар хэлэлцэж, холбогдох баримт бичгийг байгуулсан. Газрын тосны бүтээгдэхүүн, түлш нийлүүлэлтээс эрчим хүч, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагааны чиглэлээр хоёр улсын Засгийн газар хооронд хэлэлцээр байгуулсан.
Ялангуяа, түлш, эрчим хүчний нийлүүлэлтийг урт хугацаанд тогтвортой хангах эрх
зүйн орчныг бэхжүүлсэн нь онцгой ач холбогдолтой юм.
Таны
дурдсан ээдрээтэй асуудлын тухайд, Олон улсын эрүүгийн шүүхээс гаргасан шийдвэр
нь айлчлалтай холбоотой мэтгэлцээн, маргааны сэдэв болж байна. Манай улс гишүүн
нь болох Олон улсын эрүүгийн шүүхээс ОХУ-ын Ерөнхийлөгчийг баривчлах шийдвэр
гаргасан. Гэвч өнөөдөр мөн хүчин төгөлдөр үйлчилж байгаа олон улсын бусад эрх
зүйн баримт бичгүүдэд тодорхой заасны дагуу аливаа улсын төрийн тэргүүн үүргээ
гүйцэтгэж байх хугацаандаа дархан эрх ямба эдлэх учиртай. Уг сурвалжийг нь хөөж
үзвэл өндөр дээд зочноос эхлээд элч төлөөлөгчид халдахгүй байх зарчим, хэм
хэмжээг монголчууд Их хааны үеэс эхлүүлэн мөрдөж, улмаар энэ нь олон улсын эрх
зүйд тусгалаа олсон байдаг.
Үүнээс гадна Олон улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрэмд “Аливаа улсыг түүний бусад улстай байгуулсан олон улсын гэрээ, хэлэлцээрээр хүлээсэн үүрэгт үл нийцсэн үйлдэл хийхийг шаардах эрхгүй” хэмээн заасан зарчим бий.
Манай улс 1993 онд ОХУ-тай найрамдал, хамтын ажиллагааны гэрээг байгуулж, 2019 онд шинэчлэн байгуулсан “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ хоорондын гэрээ”-нд “Талууд төрөл бүрийн түвшинд тогтмол уулзалт зохион байгуулах, нэн түрүүнд дээд, өндөр түвшний уулзалтын механизмыг ашиглах болон сайжруулах, түүний сацуу нөгөө Талын эсрэг чиглэсэн аливаа үйлдэлд оролцох, эсхүл ийм төрлийн үйлдлийг дэмжихээс түдгэлзэнэ” хэмээн заасан байдаг.
Энэхүү Монгол Улс, ОХУ-ын хооронд байгуулсан хоёр талт гэрээ,
мөн ОХУ-ын төрийн тэргүүний эдлэх дархан эрх, ямбатай холбоотой асуудлаар бид
өнгөрсөн хугацаанд ОУЭШ-тэй мөн мэдээлэл, санал солилцож ирсэн.
-Зарим орон, ялангуяа Украин улс энэ айлчлалд тун эмзэг хандаж байгаа. Энэ талаар Та ямар байр суурьтай байна?
-Гадаад орчинд яригдаж буй үзэл бодол, байр суурийг бид хүндэтгэн, ихээхэн анхаарч байгаа. Украинтай бид сайн харилцаатай, мөн холбоотой ажилладаг. Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений бага хурал зэрэг үйл ажиллагааны үеэр Украины Гадаад хэргийн сайдтай уулзаж, санал солилцож, ойлголцож ирсэн. Мөн хоёр улсын төрийн тэргүүн нар утсаар ярьж, санал солилцож байлаа. Энэхүү харилцаагаа цаашид ч хадгалах нь дамжиггүй.
Энд дахин нэг зүйлийг онцлон тэмдэглэхэд, манай улс аливаа дайн байлдаан, зөрчил мөргөлдөөн, хүч хэрэглэх явдлыг хэзээ ч дэмжихгүй. Энэ байр сууриа НҮБ, олон улсын бусад индэрт өөрсдийн боломжит чинээнд илэрхийлж ирсэн.
Энэ удаагийн
айлчлалын яриа хэлэлцээний явцад ч дайн, хүч хэрэглэх явдал нь шийдэл биш,
асуудлыг энхийн замаар, эв зүйгээр зохицуулах ёстой гэдэг байр сууриа
илэрхийлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч хэвлэл, мэдээлэлд хандсан үгэндээ ч үүнийгээ
нотлон, тодорхой хэлсэн байгаа.
Цаашид уламжлалт монгол философидоо тулгуурлан дэлхий дахинд өрнөж буй дайн, хямрал тэмцлийг зогсоох, яриа хэлэлцээний замаар амар амгаланг тогтооход чиглэсэн санал, санаачилгыг боловсруулж олон улсад танилцуулах, талуудыг яриа хэлэлцээнд зуучлах арга замыг эрэлхийлэх талаар бодож төлөвлөж буй зүйлс ч бас бий.