БАЯНХОНГОР: Төрийн албаны ерөнхий шалгалтыг есдүгээр сарын 18-наас зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-08-28 14:07:58

Баянхонгор, 2024 оны гуравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Төрийн албаны 2024 оны гуравдугаар улирлын Ерөнхий шалгалтын бүртгэл есдүгээр сарын тавны өдрийн 09:00 цаг хүртэл үргэлжилнэ. Ерөнхий шалгалтыг есдүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн аймгийн Салбар комисс зохион байгуулах бөгөөд шалгалтын хуваарийг есдүгээр сарын 16-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсанд байршуулах юм байна.


Шалгуулагчид ерөнхий мэдлэг, монгол хэл бичиг, дүн шинжилгээний 100 асуултад хариулж 100 оноо авахаас босго оноо 60. 


Төрийн албаны тухай хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу 2023 оноос эхлэн Төрийн албаны ерөнхий шалгалтыг жилд дөрвөн удаа /улиралд нэг/ авахаар болсон. Ингэснээр төрийн албаны хүний нөөцийг бүрдүүлж, шалгалт өгөхөөр хүлээж буй иргэдийн хүлээлтийн хугацаа богиносон, цаг хугацаа хэмнэх боломжтой болж байгаа юм.


Шалгалтыг Төрийн албаны зөвлөлөөс бэлтгэсэн 2024 оны “Төрийн албаны ерөнхий шалгалтын сорил, даалгавар” цахим номын агуулгын хүрээнд авч байгаа бөгөөд ил тод байдлыг хангах үүднээс бусад шалгуулагчид болон иргэдэд шалгалтын үйл явцыг дэлгэцээр ажиглах боломж бүрдүүлж, хянах дэлгэцийг Баянхонгор аймгийн ЗДТГ-ын нэгдүгээр давхарт хүлээлгийн хэсэгт байршуулжээ.


Сонирхуулахад, 2023 онд нийт 143 иргэн төрийн албаны ерөнхий шалгалтад тэнцэн, төрийн албаны нөөцөд бүртгэгдсэн байна. Баянхонгор аймгийн хэмжээнд төрийн албанд 181 байгууллагад 5000 гаруй төрийн албан хаагч ажиллаж байна.

Холбоотой мэдээ