Шилдэг тэргүүний багш нарыг шагналаа

Орон нутагт | Дархан-Уул
norovsambuu@montsame.mn
2016-10-08 15:11:56

Олон улсын багш нарын 22, Монголын багш нарын баярын 50 дахь өдөрт зориулсан баярын хурал Дархан хотын “Залуучууд” театрт болов. Баярын хуралд УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Б.Баттөмөр, аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат нар оролцож баярын мэнд дэвшүүллээ. 

Энэ үеэр боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан багш нарт “Хөдөлмөрийн хүндэт медаль”, Боловсролын тэргүүний ажилтан”, БСШУСЯ-ны жуух бичиг, “Найрамдлын Дархан” тэмдэг, “Аймгийн тэргүүний ажилтан”, жуух бичиг зэрэг шагналыг гардууллаа. Тус аймагт 2016-2017 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын 27 сургуульд 19544 сурагч, 43 цэцэрлэгт 7852 хүүхдийг сургаж хүмүүжүүлэх ажлыг 1350 багш эрхлэн явуулж байна. Энэ хичээлийн жилээс бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнээр 2012 оноос эхэлсэн бага, суурь, ахлах боловсролын үндэсний цөм хөтөлбөр улс орон даяар бүрэн утгаараа хэрэгжиж эхэлсэн жил гэдгийг мөн үеэр онцолж байлаа.

Энэ хичээлийн жилээс орон нутгийн засаг захиргаа боловсролын салбарт “Ухаалаг сургууль”, “Бага сургууль-Цэцэрлэгийн цогцолбор” зэрэг томоохон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээс гадна нэн шаардлагатай газарт шинээр цэцэрлэг барих, хөгжлийн бэрхшээлтэй цэцэрлэгийн насны хүүхдүүдэд тусгай боловсрол олгох бүлэг нээх, сэргээн заслын үйлчилгээ үзүүлэх зэрэг боловсролын тэгш үйлчилгээг жигд үзүүлэх зорилт тавьж аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусган хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг онцоллоо. 

                                                                   Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ