Долоон настай Н.Аз-Эрдэнэ, Б.Учрал нар дэлхийн шатрын аварга боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-05-10 13:29:31

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Перугийн нийслэл Лима хотод сурагчдын дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээн боллоо.


Тус тэмцээнд 26 орны 1200 сурагч зургаан насны ангиллаар оюун ухаанаа уралдуулжээ. Манай улсаас нийт 11 шатарчин сурагч оролцсон юм. Швейцар системээр өрсөлдсөн тус тэмцээний U7 насны ангилалд Н.Аз-Эрдэнэ есөн өрөг тоглосноос бүгдэд нь хожиж, үнэмлэхүй аварга болов.


Тэгвэл Uнасны хөвгүүдийн ангилалд Б.Учрал найм хожиж, нэг ялагдсан үзүүлэлтээр аваргалсан бол U9 насны охидын ангилалд Ч.Нандинжигүүр зургаан хожил, хоёр тэнцээгээр алтан медалиар энгэрээ мялаажээ.


Харин U15 насны хөвгүүдийн ангилалд Н.Содбилэгт 7.5 оноогоор мөнгө, U13 насны охидын ангилалд Б.Буянхишиг, U11 насны охидын ангилалд М.Урангоо нар долоон оноогоор хүрэл медалийн эзэн болсон байна. Харин U9 насны хөвгүүдийн ангилалд өрсөлдсөн Б.Бат-Амгалан IV байрт шалгарчээ. 









Холбоотой мэдээ