Аймгийн Засаг дарга багш нарын баярын мэндчилгээ дэвшүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭДэлхийн болон Монголын багш нарын өдрийг тохиолдуулан Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил мэндчилгээ дэвшүүллээ.
Тэрээр:”Улс үндэстний хөгжлийн түлхүүр болсон үе үеийн эрдэмтэн, багш, сурган хүмүүжүүлэгч та бүхэндээ Дэлхийн болон Монголын багш нарын өдрийн мэндийг дэвшүүлж, Сэлэнгэ аймгийн Засаг дарга, түүний Тамгын газрын нэрийн өмнөөс мэндчилж байна.
Манай ард түмэн эрдэм ухааныг эрхэм баянд тооцож, багшийг шүтэж ирсэн түүхэн уламжлалтай. Энэ уламжлалыг нандигнан хадгалж, багш нарынхаа баярыг өргөн дэлгэр тэмдэглэсээр ирсэн.
Баяр тэмдэглэх энэхэн агшинд бидэнд баярлаж бахархах, сайн сайхан амжилтууд дүүрэн байгаагийн нэг нь Сүхбаатар сумын улсын тэргүүний бүрэн дунд 4-р сургуулийн биологийн багш Г.Цолмон “2016 оны Улсын Тэргүүний багш”-аар шалгарсан явдал юм. 2015 оны “Аймгийн тэргүүний хамт олон” Сайхан сумын бүрэн дунд сургууль, “Оны боловсролын салбарын тэргүүний ажилтан” Сүхбаатар сумын улсын тэргүүний бүрэн дунд 4-р сургуулийн бтологийн багш Г.Цолмон, “Оны шилдэг сурагч” Баруунбүрэн сумын бүрэн дунд сургуулийн 12 а ангийн сурагч О.Болортуяа, Баруунбүрэн сумын бүрэн дунд сургуулийн 12 б ангийн сурагч А.Номин нараараа бахархаж байгаагаа илэрхийлье.
2016-2017 оны хичээлийн жил нь Монгол Улсын Засгийн газар, аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх гарааны жил, боловсролын шинэ бодлогын хэрэгжилтийн эхлэл болж байгаагаараа онцлогтой.
Боловсролын салбарын нийт удирдлага, багш, ажиллагсад та бүхнийгээ Сэлэнгэ сайхан нутгаа хөгжүүлэхийн төлөө хийсэн ажил, бий болгосон үр дүн, амжилт ололтоо улам бүр бататган баяжуулж, шинийг сэдэж, бусдыг манлайлан ажиллахыг энэ баярт мөчид уриалж байна”.
Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг