Дархан-Уул аймаг гуравдугаар шатлалын эмнэлэгтэй болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-04-29 15:09:02

Дархан, 2024 оны дөрөвдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн ИТХ-ын найм дахь удаагийн сонгуулийн ээлжит 21 дүгээр хуралдаанаар “Шинэ эмнэлэг” төслийг дэмжсэн. Уг төслийн хүрээнд Дархан хотод барих гуравдугаар шатлалын эмнэлгийн барилгын шав тавих ёслол бямба гарагт боллоо.




Олон улсын стандартад нийцсэн анхны бүсийн жишиг эмнэлгийг Дархан сумын 13 дугаар баг, 30 дугаар хороололд барих бөгөөд Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хамтарсан санхүүжилтийн 49.7 сая долларын төсөв өртөгтэй байна.




Тус эмнэлгийн барилгын нийт талбай 35.730 м.кв, 7-8 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй, 150 метр куб усны нөөцийн савтай, нарны энергиэр ажиллах, цахилгаан тасарсан үед дизель цахилгаан үүсгүүрээр ажиллах, нөөц усаараа долоо хоног ажиллах боломжтойгоор төсөлд тусгажээ.




Түүнчлэн агаар сэлгэлтийн бие даасан системийг суурилуулсан байх ба 250 ортой, 180-200 автомашины зогсоолтой, орчин үеийн иж бүрэн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, амбулаторийн 27 кабинеттай, хэвтэн эмчлүүлэх долоон тасагтай, өдрийн эмчилгээний хэсэгтэй, дотор, хүүхэд, мэс засал, эх барих, эмэгтэйчүүд, шүд, мэдрэл, халдварт өвчин зэрэг үндсэн долоон мэргэжлийн тусламж үйлчилгээтэй, ариутгалын тасагтай байх юм.




Өдөрт 800 хүнд амбулатори болон өдрийн эмчилгээ үзүүлэхээс гадна сард 5000 хүнд оношилгоо хийх, 20000 хүнд лабораторийн шинжилгээ хийх хүчин чадалтай, тусгай тоноглол бүхий зургаан мэс заслын өрөөтэй байхаар төлөвлөгджээ.




Шав тавих ёслолд УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга, Европын сэргээн босголт хөгжлийн банкны Төв Азийн бүсийн захирал Сюзанна Харгита, Засаг дарга Б.Азжаргал, ЭМГ-ын дарга Б.Эрдэнэтулга, Нэгдсэн эмнэлгийн дарга Б.Мөнхбат эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнууд иргэдийн төлөөлөл оролцлоо.




Ташрамд, тус эмнэлгийг 2029 онд ашиглалтад оруулахаар гэрээнд тусгасан бөгөөд Улаанбаатар хотыг зорьж эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах урсгалыг багасгах зорилготой гэж эрүүл мэндийн салбарын удирдлагууд тодотгож байна.



Холбоотой мэдээ