“OpenAI” компани Ази дахь анхны оффисоо Токиод нээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
khulan@montsame.gov.mn
2024-04-15 17:02:56

ТОКИО, 2024 оны дөрөвдүгээр сарын 15 /Kyodo/. Японд хиймэл оюун ухаант ChatGPT чатботынх нь хэрэглээ нэмэгдэж байгаатай холбогдуулан OpenAI” компани Ази дахь анхны оффисоо Токио хотод нээжээ.


АНУ-д төвтэй OpenAI компанийн гүйцэтгэх захирал Сэм Альтман Японы Ерөнхий сайд Кишида Фүмиотой өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Токиод уулзаж, тус улсад оффис байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан юм.


К.Фүмиогийн Засгийн газар эдийн засгаа өсгөхийн тулд дэвшилтэт технологийг ашиглахын сацуу түүнтэй холбоотой дүрэм журмыг боловсруулахаар ажиллаж байна.


2022 оны 11 дүгээр сард олон нийтэд анх танилцуулж байснаас хойш “ChatGPT” нь өөртөө цуглуулсан асар их мэдээлэлд тулгуурлан асуултуудад хүн шиг хариулах чадвартайгаараа дэлхийн хиймэл оюун ухааны хөгжилд түлхэц өгчээ.


Японд олон компани, хотын захиргааны ажилтнууд баримт бичиг, өгөгдлийг боловсруулах, бизнесийн үйл ажиллагааг идэвхжүүлэхийн тулд “ChatGPT”-ийг хэрэглээнд нэвтрүүлж эхэлсэн байна.


Сан-Франциско хотод төвтэй “OpenAI”-ийг 2015 онд С.Альтман, “Tesla” компанийн гүйцэтгэх захирал Илон Маск тэргүүтэй хүмүүс үүсгэн байгуулж байв.



Холбоотой мэдээ