Н.Энхболд: 95 гишүүн сонгогдсон тохиолдолд УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-04-01 14:27:03

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг тус тус хэлэлцсэн байна. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд тэдгээр хуульд орж буй өөрчлөлтийн талаар мэдээлэл хийв.


Тэрбээр мэдээллийнхээ эхэнд хэлэхдээ, Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор дээрх хуулиудад зохих өөрчлөлт орж байгаа болохыг онцлов. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд УИХ нэг танхимтай байх ба 126 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулна. УИХ-ын сонгуулиар 95 ба түүнээс дээш гишүүн сонгогдсон тохиолдолд тухайн УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх үндэслэл болно. Мөн УИХ-д 64 ба түүнээс дээш суудал авсан нам эвсэл олонх болно.


Бүтцийн хувьд, 8 байнгын хороотой байх ба тус хороодод 25 гишүүн харьяалагдана. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар нэг байнгын хороонд 19 гишүүнийг хамарч буй. УИХ-ын гишүүд 3-аас илүүгүй байнгын хороонд ажилладаг байсан бол одоо 2-оос илүүгүй байнгын хороонд харьяалагдана. Байнгын хороо 19 гишүүнтэй байхад 10 хүн хууль тогтоолын төслийг хэлэлцэх эрхтэй байсан бол шинэ парламент байгуулагдсанаар 13 хүн хууль тогтоолын төслийг хэлэлцдэг болно.


Түүнчлэн одоогийн хуулиар нам эвслүүд 8 гишүүнтэйгээр бүлэг байгуулдаг бол шинэ зохицуулалтаар 12 ба түүнээс дээш гишүүнтэйгээр бүлэг байгуулна. Түүнчлэн аливаа бодлогын асуудал бүлэг дээр төвлөрдөг тул хууль тогтоолын төслийг хэлэлцэх үед хэлэлцүүлгийн хугацааг тогтоож өгөхөөр тусгасан гэж ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд ярилаа. 






Холбоотой мэдээ