Ардын жүжигчин Э.Амартүвшин Этторе Бастианинигийн нэрэмжит шагнал хүртэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-03-21 15:04:41

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ардын жүжигчин, дэлхийн шилдэг баритон, дуурийн дуучин Э.Амартүвшинг домогт дуурийн дуучин Этторе Бастианинигийн нэрэмжит шагнал хүртээхээр болсныг албан ёсоор зарлажээ.


“Этторе Бастианини” холбооноос уг шагналыг онцгой ур чадвартай, зөвхөн баритон хоолойтой дуучдад 2012 оноос олгож эхэлсэн аж. Хоёр жил тутамд шалгаруулдаг энэхүү шагналын 2024 оны шагнал гардуулах ёслол тавдугаар сарын 3-ны өдөр Италийн Вирона хотод болно. Энэхүү нэр хүндтэй шагналыг өмнө нь Италийн дуурийн дуучин Симон Пьяццола, Никола Алаймо, Лука Салси болон ОХУ-ын дуурийн дуучин Дмитрий Хворостовский зэрэг шилдгүүд хүртэж байжээ.


“Этторе Бастианини” холбооноос Э.Амартүвшинг тодорхойлохдоо, “Техникийн онцлог, хоолойны өнгө, ганган тембр нь магтууштай. Уран хэллэг, үргэлж хүсэл тэмүүллээр илэрхийлэгддэг өргөн цар хүрээтэй репертуар нь түүнийг эдүгээ баритонуудын дунд, ялангуяа энэ салбарт баттай байр сууриа эзлэхэд хүргэсэн. Тэрбээр Пьеро Каппучилли, Этторе Бастианини нарыг хамгийн их сэтгэгдэл төрүүлж, урам зориг хайрласан хоёр дуучнаа хэмээн үздэг” гэж бичсэн байна.


Тэрбээр эх орондоо зохион байгуулсан тоглолтынхоо өмнөх хэвлэлийн хурлын үеэр Би одоо амралтаа дуусгаад гуравдугаар сарын 23-нд Италийн Милан хотын Ла Скала театрт тоглоно. Тэнд дөрөв, тавдугаар сард хоёр дуурь зэрэг тоглохоор төлөвлөсөн. Мөн үргэлжлүүлэн Австрийн театрт Ж.Пуччинийн Тоска дуурьт дуулна. Цаашаа Английн театрт дуулах хуваарьтай. Сүүлийн үед Аргентины Буэнос-Айрес хотын сонгодог урлагийн өндөр зэрэглэлийн театрт дуулж үзэхийг боддог болсон. Өөр том театр гэвэл Испанийн Барселона хотын театр байна. Гэхдээ ирэх 11 дүгээр сард дуулах төлөвлөгөөтэй байгаа. Мөн Испанийн Мадрид хотын театрт дуулж үзээгүй. Өөр дуулж үзээгүй дэлхийн театр байхгүй” хэмээн ярьж байв. 

Холбоотой мэдээ