52 жилийн өмнөх маркийг шинэчлэн “Сүхбаатар дүүрэг 60 жил” нэрээр худалдаанд гаргалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-08-11 16:44:54

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Сүхбаатар дүүрэг үүсэн байгуулагдсаны 60 жилийн ойд зориулан  шинэчилсэн  “Сүхбаатар дүүрэг 60 жил” сэдэвт маркийн нээлт болов.


БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1965 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 79 дүгээр зарлигаар Улаанбаатар хотын захиргааны зохион байгуулалтад өөрчлөлт оруулж, хуучин 10 хороог татан буулган Сүхбаатар, Октябрь, Ажилчин, Найрамдал гэсэн 4 районыг байгуулсан түүхтэй.  Харин Монгол Улсын Их Хурлын 1992 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 18 дугаар тогтоолоор Сүхбаатарын районыг Сүхбаатар, Чингэлтэй гэсэн хоёр дүүрэг болгон хуваасан аж.


Нийслэлийн Сүхбаатар дүүрэг, Монгол Шуудан ХК-тай хамтран түүхэн 60 жилийн ойг угтан ийнхүү “Сүхбаатар дүүрэг 60 жил” маркийг шуудангийн гүйлгээнд гаргалаа.




Нээлтийн үеэр "Монгол шуудан" ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Тэлмэн хэлэхдээ, "Марк нь шуудангийн төлбөрийг төлсний баталгаажуулсан үнэ бүхий тэмдэгт төдийгүй тухайн цаг үеийн онцлох үйл явдал, хүмүүс, ховор олдвор, амьд байгалийг тамгалан үлдээдэг түхэн баримтат өв юм. Монгол шуудан компани 101 жилийн хугацаанд 1190 сэдвийн 5000 гаруй маркийг гаргасан. Сүхбаатар дүүргийн 60 жилийн ойн босгон дээр гаргаж буй энэхүү марк нь 1191 дэх сэдэв болж байна. Манайх 1973 оны хоёрдугаар сарын 2-нд Д.Сүхбаатарын мэндэлсний 80 жил сэдэвт таван нэрийн маркийг гаргаж байсан. Эдгээрээс УГЗ, ардын зураач А.Сэнгэцохиогийн “Төрийн тамга хүлээн авах ёслол” бүтээлээр хийсэн маркийг шинэчлэн засварлаж, “Сүхбаатар дүүрэг 60 жил” нэртэйгээр гаргаж байна” хэмээв.


Монгол маркийн түүхэнд жанжин Д.Сүхбаатарын хөрөг, хөшөө бүхий марк анх 1941 онд “Шинэ Монгол” сэдвээр  хэвлэгдэж байсан бол одоогоор 30 орчим маркт дүрслэгджээ.


“Сүхбаатар дүүрэг 60 жил” сэдэвт засварласан марк нь 30х40 мм хэмжээтэй бөгөөд нийт 16020 ширхэгийг хэвлэжээ. Түүнчлэн анхны өдрийн дугтуй нь 12 мянган төгрөгийн үнэтэй аж.  






Холбоотой мэдээ