Тамаваши Б.Мөнх-Оргил Японы иргэн боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-03-19 14:32:38

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Мэргэжлийн сумо бөхийн “Катаонами” дэвжээний дээд зиндааны бөх Тамаваши Б.Мөнх-Оргил Японы иргэн болжээ.


Ингэснээр тэрбээр, зодог тайлсан хойноо ояката болох эрхтэй болж байгаа юм. 39 настай Тамаваши 2019 оны нэгдүгээр сар болон 2022 оны Аки башёд түрүүлж байсан. Тийнхүү мэргэжлийн сумод барилдсанаас хойш 15 жилийн дараа анхны түрүүгээ авч, Эзэн хааны цомыг өргөж байв. Тэгвэл 2022 онд Эзэн хааны цом хүртэхдээ мэргэжлийн сумод түрүүлсэн хамгийн ахмад бөх болж байлаа. Мөн жюүрё, макүшитад тус бүр нэг түрүүлж байв.


2004 оны нэгдүгээр сард анх сумод барилдсанаас хойш нэг ч өнжиж үзээгүй. Одоогоор анхны барилдаанаас хойш 1592 дараалан тасралтгүй барилдаж байгаа нь сумогийн түүхэнд хоёрт бичигдэх амжилт болж байна.

Холбоотой мэдээ