ГОВЬ-АЛТАЙ: Зудын байдалтай байгаа малчдад өвс тэжээл, хүнсний багц олгож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2024-02-23 15:12:59

Есөнбулаг 2024 оны хоёрдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Хаваржилт хүндэрсэн аймаг, сумдад тусламж үзүүлэх Шуурхай бүлэг Говь-Алтай аймгийн Баян-Уул, Жаргалан, Тайшир сумдад ажиллаж, зудын байдалтай байгаа малчдад шаардлагатай өвс тэжээл, хүнсний багц, түлш түлээ, эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүллээ. 


Одоогоор тус аймгийн 8 сум зудын байдалтай байгаа ба сумд хоорондын зам даваа цасаар хучигдсан, машин явах боломжгүй нөхцөл байдалтай байна. Зам даваа нээж өвс тэжээл хүргэх ажилд Говь-Алтай аймгийн Барилгын цэргийн 341 дүгээр ангийн алба хаагчид гар бие оролцож байна. 40-50 км замыг 12 цаг туулж ирсэн талаар өвс ачсан машины жолооч ч ярьж байлаа. 


Баян-Уул суманд цасны зузаан нэмэгдсэнээс үүдэн бог мал тамирдаж, хээл хаях хэмжээнд хүрсэн байна. Тус сумын 289 өрхөд нийт 108 тн тэжээл хүргэжээ. Харин Жаргалан сумын 214 өрх зудын нөхцөл байдалд байгаа гэсэн үнэлгээ гарчээ. Тиймээс 1 айл тус бүрд мөн 15 шуудай хивэг тэжээлийг эхний ээлжинд хүргэж өгчээ.

Цаашид нөхцөл байдлыг харгалзан үзэж хүчит тэжээл, тэжээлийн будааг олгох арга хэмжээ авна хэмээн Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэлж байлаа. Тэрээр цааш хэлэхдээ: 


-"Засгийн газрын нөөцөөс өвөлжилт хүндэрсэн аймгуудад 30 тэрбум төгрөгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн. Харин хоёрдугаар ээлжинд аймаг, орон нутгийн төсвийн орлогоос давсан 80 орчим тэрбум төгрөгийг өвөлжилтийн хүндрэлийг даван туулахад зарцуулна" гэв.

Говь-Алтай аймагт эхний ээлжинд нэн хүндрэлтэй байгаа 8 суманд 400 орчим тн өвс тэжээл олгохоор аймгийн Онцгой комиссоос тооцоо гараад байна. Тодруулбал, 

-Баян-Уул сумын 289 малчин өрхөд 4335 тэжээл буюу нэг өрхөд 15 тэжээл нийт 108.38 тн

-Жаргалан сумын 215 малчин өрхөд 3225 тэжээл буюу нэг өрхөд 15 тэжээл нийт 80.63 тн

-Хөхморьт сумын 268 малчин өрхөд 1340 тэжээл буюу нэг өрхөд 5 тэжээл нийт 33.50 тн

-Тайшир сумын 140 малчин өрхөд 2240 тэжээл буюу нэг өрхөд 16 тэжээл нийт 56.00 тн

-Есөнбулаг сумын 307 малчин өрхөд 1535 тэжээл буюу нэг өрхөд 5 тэжээл нийт 38.38 тн

-Дэлгэр сумын 274 малчин өрхөд 1370 тэжээл буюу нэг өрхөд 5 тэжээл нийт 34.25 тн

-Халиун сумын 216 малчин өрхөд 1080 тэжээл буюу нэг өрхөд 5 тэжээл нийт 27.00 тн

-Шарга сумын 175 малчин өрхөд 875 тэжээл буюу нэг өрхөд 5 тэжээл нийт 21.88 тн тэжээлийг олгож эхэллээ.

Холбоотой мэдээ