ДУНДГОВЬ: УОК-оос хуваарилсан тусламжийн өвс, тэжээл малчдад хүрч эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-02-23 11:28:32
altantogos

Мандалговь, 2024 оны хоёрдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар, УОК-оос зохин байгуулж буй малчдад туслах ажлын хүрээнд Дундговь аймгийн Онцгой комиссын гишүүдээр ахлуулсан 4 ажлын баг 15 суманд ажиллаж, малчдад өвс, тэжээл хүргэх, зам гаргах, хороо бууцыг цэвэрлэх ажлыг зохион байгуулж байна.


Хоёрдугаар сарын 22-ны байдлаар малчдад туслах дээрх ажлын хүрээнд Эрдэнэдалай, Өлзийт, Дэрэн, Говь-Угтаал сумын цасанд боогдсон 511 км зам гаргаж, 150 өрхөд 2,7 тн өвс, 6,9 тн тэжээл тараасныг Онцгой комиссын шуурхай штабаас мэдээллээ.


Хөдөө орон нутагт өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос 700 тонн өвс, тэжээлийг Дундговь аймгийн малчдад тусламжаар өгч байгаа бөгөөд аймгийн Онцгой комиссын шийдвэрээр аймгийн аюулгүйн нөөцөд байгаа 200 тонн өвс, 50 тонн тэжээлийг малчдад малчдад үнэнгүй тарааж байгаа. Тусламжийн өвс, тэжээлийг өвөлжилтийн нөхцөл байдал, малын тооноос хамааран олгохыг Засаг дарга Ц.Мөнхбат мэдэгдсэн.


Дундговь аймгийн хэмжээнд 7347 малчин өрх байгаа ба өвөлжилт хүндэрсэн Өлзийт, Эрдэнэдалай, Адаацаг, Сайнцагаан суманд 3000 гаруй малчин өрх байна.


Эрдэнэдалай суманд нөхцөл байдал ямар байгааг тодруулахад “сумын ЗДТГ-аас “нэг баг нэг өдөр” үйл ажиллагааг зохион байгуулж, төрийн албан хаагчид 4-6 хүний бүрэлдэхүүнтэй баг болж, өдөр бүр 7 багийн малчин өрхөөр явж эхэлсэн. Цас ихтэй байгаа Цагаан-Овоо багт ажлын хэсэг гарч, малчдын хороо, бууцыг цаснаас цэвэрлэх ажлыг зохион байгуулж байна” гэлээ.


Тус сумын өвөлжилт хүндэрсэн Рашаант, Цагаан овоо багийн малчин өрхөд тусламжийн 2 тэжээл, бусад багийн малчин өрхөд нэг өвс, нэг тэжээл өгч байгаа ажээ.





Холбоотой мэдээ