Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын бүлгийн Элчин сайд нарын уулзалт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-02-01 12:14:22

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын бүлгийн Элчин сайд нарын уулзалт нэгдүгээр сарын 29-нд Нью-Йорк хотноо болов.


Уулзалтад НҮБ-ын Орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Рабаб Фатима, ДГХБО-ын бүлгийн дарга, Ботсвана Улсын Байнгын төлөөлөгч Гладис Мохава болон бүлгийн гишүүн улсуудын Байнгын төлөөлөгчид оролцсон юм. Уулзалтын үеэр Дээд төлөөлөгч Ф.Рабаб, ДГХБО-ын бүлгийн дарга, Ботсвана Улсын Байнгын төлөөлөгч Г.Мохава нар Руанда Улсын Кигали хотноо ирэх оны зургаадугаар сарын 18-21-ний өдрүүдэд болох ДГХБО-ын асуудлаарх НҮБ-ын Гуравдугаар бага хурлын бэлтгэл болон тус бүлгийн хүрээнд 2024 онд зохион байгуулах, оролцох арга хэмжээнүүдийн талаар танилцуулав.


Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч В.Энхболд уулзалтын үеэр ДГХБО-ын асуудлаарх НҮБ-ын Гуравдугаар бага хурлын бэлтгэл ажлыг хангах Засгийн газар хоорондын хорооноос хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай танилцуулж, бага хурлаас гарах төгсгөлийн баримт бичгийн төслийн хэлэлцээний явцын талаар мэдээллээ. Мөн ДГХБО-ын асуудлаарх Венийн үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлж, ирэх 10 жилийн төлөвлөгөөг тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилттэй уялдуулан, шинэлэг хэлбэрээр тодорхойлон батлахад хувийн хэвшил, иргэний нийгэм, залуучуудын оролцоо чухал болохыг бүлгийн гишүүд энэ үеэр тэмдэглэв.


Монгол Улс ДГХБО-ын асуудлаарх НҮБ-ын III бага хурлын бэлтгэл ажлыг хангах Засгийн газар хоорондын хороог хамтран даргалж байгаа бөгөөд тус хорооны ээлжит хуралдаан энэ оны 2 дугаар сарын 5-8-ны өдрүүдэд Нью-Йорк хотноо болно.

Холбоотой мэдээ