Ираны номер нэг дайсан бол АНУ

Дэлхийд | Улс төр
mn_montsameuser@montsame.mn
2015-09-04 14:10:53

ТЕГЕРАН. /AFP/. Бид “5+1” бүлэгтэй цөмийн хөтөлбөрийн гэрээ байгуулсан хэдий ч АНУ бидний хувьд номер нэг дайсан хэвээр байгаа гэж Ираны эрх бүхий байгууллагын тэргүүн мэдэгдэв.

"Шинжээчдийн ассамблей" /The Assembly of Experts/ нь сонгогдсон 86 санваартнаас бүрдсэн Ираны хамгийн нөлөө бүхий байгууллагуудын нэг бөгөөд Ираны дээд удирдагчийг хүртэл албан тушаалаас нь халах эрхтэй ажээ. Уг байгууллагын тэргүүн нь хэт хуучныг баримтлагч Аятолла Моххамад Язи юм.

Ираны номер нэг дайсан, тоо томшгүй гэмт хэрэг үйлдсэн АНУ-ыг эсэргүүцэх манай гадаад бодлогод цөмийн хөтөлбөрийн гэрээ нөлөөлөх ёсгүй гэж тэрбээр жил бүрийн ассамблейн уулзалтын нээлтийн үеэр мэдэгджээ.

Ойрхи Дорнодын бүс нутгийн хямрал АНУ болон Израилиас үүсэлтэй бөгөөд тэдний зорилго бол тус бүс нутагт сионистийн дэглэмийг хадгалах зорилготой гэж Сири, Ирак, Йемен дэх зэвсэгт мөргөлдөөнд тус хоёр улсыг буруутгасан байна.

Ираны цэргийн хүчний хамгийн том байгууллага “Хувьсгалт гвард”-ын тэргүүний, АНУ хэзээд "Ад чөтгөр" байх болно гэж хэлснийг тэрбээр давтан хэлжээ.

Ираныг чиглэсэн АНУ-ын дайсагнал багасаагүй харин ч нэмэгдсэн. Тэдний арга зам л өөрчлөгдсөн. Тиймээс тэдний худал үгэнд бүү хуурт гэж генерал Мохаммад Али Жафари мөн мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд