ДАРХАН-УУЛ: Үндэсний бичгийг түгээн дэлгэрүүлэх цахим контентын шилдгүүд тодорчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2023 оны арванхоёрдугаар сарын 1
/МОНЦАМЭ/. Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн
Дархан-Уул аймаг дахь салбар, үндэсний бичгийг түгээн дэлгэрүүлэгч
“Мэргэн шаваа” мэргэжлийн хөгжлийн бүлгээс санаачлан “Үндэсний бичиг-Манай хамт
олны өв соёл” цахим контент уралдаан зарлаж, шилдгүүдээ тодруулав.
Гурав дахь жилдээ зохион байгуулж буй уг уралдаан нь Монгол хэлний тухай хуульд зааснаар 2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон үндэсний монгол бичгээр хөтлөн явуулах, цаашид бүх нийтээр монгол бичигт шилжих бэлтгэлийг бүрэн хангах зорилготой аж.
Уралдаанд оролцогчид хамт олныхоо үндэсний
бичгээ хэрхэн суралцсан байдал, өв уламжлалаа бусдад уриалж, сонирхолтой хэлбэрээр зохиомжилж
видео контент бэлтгэжээ. Төрийн болон хувийн хэвшлийн 20 байгууллага уралдаанд
материалаа хүргүүлсэн байна.
Шүүгчдийн баг шилдгүүдийг шалгаруулахдаа контентын агуулга, зохиомж, уриалга, олон нийтийн хандалт зэргийг харж
дүгнэжээ.
Цахим контентын уралдааны тэргүүн байрт Х.Баярбилэг захиралтай Од цогцолбор сургууль, дэд байрт Х.Оюунцэцэг даргатай Дархан-Уул аймгийн Татварын хэлтэс, Ж.Насанжаргал захиралтай Насан туршийн суралцахуйн төв шалгарсан байна.
Харин тусгай байрт Т.Орхонтуяа захиралтай Есдүгээр, Т.Мэдэгсүрэн захиралтай Нэгдүгээр сургууль, Б.Буянхишиг эрхлэгчтэй 13 дугаар цэцэрлэгийн хамт олон тус тус шалгарчээ.
Цахим контент нь 3-5 минутад утга санаагаа илэрхийлж, өөрийн байгууллагын онцлогт тохируулан бүтээлээ чөлөөтэй сэтгэх, эхлэл, төгсгөл хэсэгт үндэсний бичиг үсэг сурахад чиглэсэн уриалгыг хамт олноороо сонирхолтой хэлбэрээр илэрхийлжээ.
Ташрамд, монгол үндэстэн оршин тогтнох соёл, сэтгэлгээний баталгаа болсон босоо бичгээ сурах, судлах, сурталчлах,
түгээн дэлгэрүүлэх, хамгаалах, өвлүүлэх, хөгжүүлэх нь дэлхийн бичиг соёлын өв
сангийн өмнө монголчуудын хүлээж буй эрхэм үүрэг гэж зохион байгуулагчид онцлов.