УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат үүрэгт ажлаа хүлээн авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-11-30 14:13:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох тухай асуудлыг хэлэлцэн, эрх зүйч, доктор Дамдины Энхбатыг томилж, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсон доктор Лувсандоржийн Өлзийсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.


Ерөнхий нарийн бичгийн дарга нарын ажлыг УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар хүлээлцүүлэхдээ, УИХ-ын тогтоолыг уншиж танилцуулан, шинэ ажилд томилогдсон явдалд хэн хэнд нь баяр хүргэв. Тэрбээр УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын болон Үндсэн хуулийн цэцийн гишүүний албан тушаалыг Монголын нэр хүндтэй хуульч, төрийн зүтгэлтүүд хашиж ирсэн өндөр хариуцлагатай ажлууд болохыг онцолж, амжилт хүслээ.


УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Л.Өлзийсайхан тамгыг гардуулан өгөхдөө, Тамгын газраасаа дэвшин томилогдож байгаа Д.Энхбат ажлаа сайн мэдэх тул илүү эрч хүчтэй ажиллана гэдэгт итгэлтэй байна гэсэн юм. Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат УИХ-ын бүтэц бүрэлдэхүүн шинэчлэгдэн өөрчлөгдөх гэж байгаа энэхүү чухал үед уг үүрэг хариуцлагыг хүлээн авч байгаагаа дурдаад, цахим хуралдаан дэгийг нэвтрүүлж, Үндсэн хуульд оруулсан хоёр ч удаагийн өөрчлөлтийг гардан, парламентын өөрийн үнэлгээний тогтолцооны суурийг тавьсан Л.Өлзийсайхан даргын шинэчлэлүүдийг үргэлжлүүлэхээ илэрхийлэв.


УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр 2001 онд төгсөж, 2008 онд Удирдлагын академийг Төрийн удирдлагын магистр, 2013 онд БНХАУ-ын Өвөр Монголын их сургуульд докторын зэрэг хамгаалжээ. Тэрбээр 2009-2017 онд УИХ-ын Тамгын газарт зөвлөх, ахлах зөвлөх, 2017-2022 онд ЗГХЭГ-т Засгийн газрын ахлах референтээр ажилаж байсан. 2022 оноос УИХ-ын Тамгын газарт хэлтсийн даргаар ажиллаж байв. Д.Энхбат төрийн албанд 15 жил, үүнээс УИХ-ын Тамгын газарт 11 жил ажиллаж байгаа юм.

Холбоотой мэдээ