“Нигүүлсэл” сугалаанаас “Приүс-20” автомашин хожлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-09-22 17:18:22

Увс аймгийн Улаанзаглмайн хорооны түүхт 60 жилийн ойн баярыг угтан зохион байгуулсан “Нигүүлсэл” сугалааны азтангууд өнгөрсөн ням гарагт тодорсон байна.

Энэ дагуу өчигдөр азтануудад шагналыг нь гардуулан өгсөн юм. “Нигүүлсэл” сугалаанд Увс аймгийн ард иргэд, албан байгууллагууд өргөнөөр хамрагдаж, дөрвөн сарын хугацаанд нийтдээ 15 мянга гаруй сугалааг худалдан борлуулсан байна. Уг сугалааны супер азтанаар 9 хүн тодорч, “приүс-20” автомашин болон мотоцикль, ухаалаг гар утас, зөөврийн компьютер, өнгөт зурагт зэрэг шагналын эзэд болжээ.

“Приүс-20” автомашины эзнээр Сагил сумын иргэн, эрхэлсэн тодорхой ажилгүй Ө.Цэнд-Аюуш гэдэг эмэгтэй тодорсон бол мотоциклийн азтанаар Баруунтуруун сумын иргэн, хувиараа хөдөлмөр эрхлэгч Д.Нарантуяа гэх эмэгтэй тодорсон байна.

“Нигүүлсэл” сугалааны хүрээнд 1000 жижиг азтаныг мөн тодруулж байгаа бөгөөд сум сум руу нь сугалааны тохирлын шагналыг аймгийн Улаан загалмайн хорооноос илгээж байгаа аж.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ