“Дэлхий” хамтлагийн хоёр дахь бие даасан тоглолт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2023-11-16 15:13:59

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Монгол ардын болон язгуур хөгжмийн зэмсэг, байгалийн дуу чимээг электрон хөгжимтэй хослуулан chillwave урсгалаар тоглодог Дэлхийхамтлаг анх 10 жилийн өмнө албан ёсоор үүсгэн байгуулагдсан түүхтэй. 


Тэр цагаас хойш байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, энх тайван оршихыг уриалан уран бүтээлээ чимээгүй туурвисаар урын сандаа өнөөдөр гурван цомог, хоёр пянз, 100 орчим бүтээлтэй болжээ. Бүтээл нь танигдсан ч бүтээсэн эзэн нь төдийлөн мэдэгддэггүй явсан тус хамтлаг “Ус”, “Ертөнц”, “Хавар”, “Тайга” зэрэг монголчуудын чихэнд хоногшсон бүтээлүүдийг арав гаруй жил хөшигний араас эгшиглүүлсэн бол өнгөрсөн жил анхны бие даасан “Уухай” тоглолтоо хийж үнэнч фэнүүдээ баярлуулсан.


Тэгвэл энэ сарын 24-нд “Онгод” нэртэй хоёр дахь бие даасан тоглолтоо хийх болсноо албан ёсоор зарлалаа. Язгуур урлаг, электро хөгжим болон байгаль дэлхийг биширдэг хэн бүхний сонорыг мялаах энэхүү тоглолт “Хүн” театрт болох бөгөөд тасалбарынхаа үнийг 180 мянган төгрөгөөр тогтоожээ.  Тоглолтыг ердөө 277 үзэгч үзэх боломжтой гэнэ. Өөрөө хэлбэл, 277 ширхэг тасалбар л борлуулна гэсэн үг. Тус хамтлаг “Ертөнц”, “Байгаль”, “Хүмүүн” цомгийнхоо шилмэл бүтээлүүд болон ирэх жил шинээр гаргах “Сансар” нэртэй цомгийнхоо бүтээлээс  тоглох аж.


Сонирхуулахад тус хамтлаг “Ертөнц” нэртэй хөгжмийн цувралыг бүтээж, таван хадгийн өнгийг бэлгэдэн нийт таван цомог бүтээхээр зорьсон бөгөөд өдгөө дөрөв дэх цомог дээрээ ажиллаж байгаа аж. Байгаль дэлхийн хосгүй үзэгдэл, амьтай бүхнийг амьдралаар тэтгэж байдаг нар, уул, ус бүхнийг даралтат болон язгуур хөгжмийн зэмсгүүдээр гайхалтай сайхнаар цогцлоохыг үзэж, “Сансар” сетийн хэмнэлд доргих цаг удахгүй.

Холбоотой мэдээ