Улаанбаатар хот давсны 4145, бодисын 2759 тонн нөөцтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2023-10-30 15:03:22

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар удирдан явууллаа. Хотын дарга өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 23 үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 95 хувьтай байсныг зөвлөгөөний өмнө онцолсон. Тэгвэл өнөөдрийн шуурхай зөвлөгөөнийг хэд хэдэн сэдвийн хүрээнд хийв.


Нэн түрүүнд өвөлжилтийн бэлтгэлийн талаар товч мэдээлэл хийлээ. Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл 97 хувьтай байна. 4145 тонн давс, 2759 тонн бодис нөөцөлжээ. Нэмж 1359 тонн давс, 4499 тонн бодис худалдаж авах аж. Зам, талбайн цэвэрлэгээний 24 байгууллагын 846 үйлчлэгч, тусгай зориулалтын 312 машинтай ажиллаж байна.


Хотын дарга цас орж эхэлсэнтэй холбогдуулан бэлтгэл ажлаа сайтар хангаж, халтиргаа гулгаанаас сэргийлэх ажлыг шуурхай зохион байгуулах, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж, шаардлагатай бол хувийн аж ахуйн нэгжүүдийг нэмэлтээр оруулж ирэх хэрэгтэйг дурдсан. Энэ үеэр Хот тохижилтын газрын дарга Б.Мөнхцэцэг “Бодис цацагч 12 машин байгаагаас хоёр нь эвдэрч, хоёр нь тэвшээ солиогүй. 07:40 цагаас эхний машин гарч, 10:00 цагийн байдлаар 12 тонн давс цацаад байна” гэв.


Хотын дарга дүүргийн Засаг дарга нарыг газар дээр нь ажиллаж, давс, бодисын  нөөц, техник хэрэгслийг биеэр шалгахыг үүрэг болголоо. Шаардлагатай тохиолдолд хувийн хэвшлийг ажиллуулах, мөн УБЗАА, орон нутгийн өмчит компани, Геодези, усны барилга байгууламжийн газар, Хот тохижилтын газар зэрэг холбогдох байгууллагын төлөөллөөс бүрдсэн хамтарсан баг гарч, шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгааг гаргаж, нэгдсэн стандартыг баталж, худалдан авах ажиллагааг яаралтай зохион байгуулахыг даалгалаа. Түүнчлэн холбогдох албаныхан халтиргаа, гулгаа нэмэгдэж буйтай холбоотойгоор иргэдийг машиныхаа дугуйг өвлийнхөөр сольж, скүүтер, дугуйн хэрэглээг хязгаарлахыг уриаллаа. 

Холбоотой мэдээ