Дипломат харилцаа тогтоосон 60 жилийн түүхийг өгүүлсэн үзэсгэлэн нээлтээ хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.tuul@montsame.gov.mn
2023-10-25 16:49:03

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Гадаад харилцааны яам, ИБУИНХУ-ын Элчин сайдын яам, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн хамтран зохион байгуулсан ““Харилцааны нэгэн жаран” гэрэл зургийн үзэсгэлэн өнөөдөр Монголын Үндэсний музейд нээлтээ хийлээ.


Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, ИБУИНХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фиона Блайт нар уг арга хэмжээг нээж мэндчилгээ дэвшүүлэв. Энэхүү үзэсгэлэнд 1950-иад оноос өнөөдрийг хүртэлх хоёр улсын харилцаанд холбогдох 50 гаруй түүхэн гэрэл зургийг дэлгэж, олны хүртээл болгож байна. Үүний зэрэгцээ Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс болон тус улсын талаарх түүхэн үйл явдлыг монгол маркт хэрхэн мөнхөлж байсныг харуулсан буланг гаргасан байв. Тус буланг “Монгол шуудан” ХК-ийн архивт хадгалагдаж буй ховор нандин маркнаас түүвэрлэн гаргасан аж.


Түүнчлэн манай улсад хэвлэгдсэн хоёр орны харилцааны болоод Британи судлалын эрдэм шинжилгээний бүтээлүүд, орчуулгын материал, ном сэтгүүлийг дэлгэн толилуулж буй. Тус үзэсгэлэн ирэх сарын нэгний өдрийг хүртэл үргэлжилнэ.


Мөн үеэр “Монгол дахь манай хүн: Чингисийн дараах Монгол дахь Британийн эзэнт гүрний агент Чарльз Бинстийд” номын талаар танилцуулав. Дээрх арга хэмжээг Монгол Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан юм. 


Монгол Улс нь ИБУИНХУ-тай 1963 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд Британи Улс манай улстай дипломат харилцаа тогтоосон 25 дахь улс төдийгүй анхны өрнөдийн улс болж байжээ. 






Холбоотой мэдээ