МУЗН-ийн “Бүс ба зам-Гэрэлт” төслийн хэрэгжилттэй танилцлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар БНХАУ-ын ӨМӨЗО-ы Намын хорооны нарийн бичгийн дарга Сүнь Шаочөн Монгол Улсад 2023 оны 10 дугаар сарын 1-5-нд айлчилж байна.
Айлчлалын хүрээнд Сүнь Шаочөн тэргүүтэй төлөөлөгчид 2023 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Улсын Хоёрдугаар төв эмнэлэгтэй танилцаж, Улаан загалмай байгууллага хоорондын хүмүүнлэгийн тусламжийн төсөлд хамрагдан нүдний болор солих мэс засал, зүрхний төрөлхийн гажиг засах мэс засалд орсон өвчтөний төлөөлөлтэй уулзаж, санал солилцов.
Мөн үеэр “Бүс ба зам-Гэрэлт” төслийн хүрээнд монголын нүдний эмч нарыг үнэ төлбөргүй мэргэшүүлэх сургалтад хамруулах, Монголын улаан загалмай нийгэмлэгт хандив өгөх ёслолын ажиллагаа зохион байгуулж, нээлтийн үйл ажиллагаанд Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Улаан загалмай байгууллагын байнгын дарга Ян Фэн И, Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн удирдлагууд оролцов.

