ОХУ-ын Челябинск мужийн үйлдвэрлэл, бизнесийн төлөөлөл иржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-09-26 11:40:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол-Оросын бизнесийн зөвлөлийн шугамаар ОХУ-ын Челябинскийн бүс нутгийн 10 гаруй үйлдвэр, компанийн бизнесийн төлөөлөл манай улсад ирээд байна.


ОХУ-ын худалдаа, үйлдвэрлэлийн төлөөллийн бүрэлдэхүүнд авто химийн бүтээгдэхүүний “Лавр”, барилгын “Альтернатива”, “Альт-Фасад”, агро аж үйлдвэрлэлийн “Сигма” групп, цахилгаан сантехникийн “Делсот”, аялал жуулчлал, хүнсний “Ура кондитеры”, төмөр замын болон үйлдвэрлэлийн зориулалттай хэрэгслийн “ТДС”, экскаваторын үйлдвэрлэл, засварын “ЭКГ сервис”, “Челябкрансервис” зэрэг компани багтжээ. Дээрх компаниудын төлөөлөл хоёр орны хамтарсан бизнес уулзалтад оролцож, бүс нутгийн хэмжээнд харилцаа холбоо тогтоож, экспор, импорт хөгжүүлэх талаар ярилцаж байна.


Төмөр замын болон үйлдвэрлэлийн зориулалттай дагалдах хэрэгсэл үйлдвэрлэгч “ТДС” компанийн захирал Д.А.Синенкогоос хамтын ажиллагааны талаар тодруулбал, төмөр замын болон цахилгаан  зүтгүүр, цахилгаан хөдөлгүүрийн  засвараар үйлчилж, цахилгаан техникийн тоног төхөөрөмж импортлон Монгол Улсын зах зээлд нийлүүлэх сонирхолтой албан ёсны худалдааны дистрибьютер болон компаниудтай түншийн гэрээ байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.


“ЭКТ Сервис” компанийн захирал В.О.Лапин экскаватор сэлбэг хэрэгсэл, засвар үйлчилгээ, уул уурхайн өрмийн машин, бутлуурын техник ханган нийлүүлэх талаар уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр болон Багануур, Шарын голын уурхай, “Монголросцветмет” компаниудын төлөөлөлттэй уулзаж, гэрээ байгуулан хамтран ажиллахаар ирснээ хэллээ.


Барилгын чиглэлийн “Альтернатива-АЛЬТ ФАСАД” компанийн гадаад худалдааны менежер О.О.Глинин хувийн орон сууцны хороолол барьдаг, “Номин констракшн”, “Тэсо пропертис”, “Монкон” зэрэг Монголын барилгын компаниудтай төсөл хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм. 

Холбоотой мэдээ