ОРХОН: Ном байнга идэвхтэй уншдаг 70 мянган хүн байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Орхон аймгийн “Нийтийн номын сан”-аас “Номтой Монгол” уриан дор “Шилдэг номын сан”-тай өрх, гэрийг шалгарууллаа.
Уг уралдаанд 22 өрх оролцсоноос 2500 гаруй номтой Зэст багийн иргэн Г.Номмандах “Шилдэг номын сантай өрх”-өөр, “Ховор номын цуглуулгатай өрх”-өөр Согоот багийн иргэн Б.Цэрэндондов, Д.Алтангэрэл, Уртбулаг багийн иргэн О.Мөнхтуяа, Л.Уламбат нар шалгарлаа. Шагналыг “Номын баяр”-ын өдөрлөгөөр гардууллаа.
Номын сангийн дарга Д.Цэнд-Аюуш хэлэхдээ, "34 дэх удаагийн “Номын баяр”-ыг Орхон аймаг өргөн дэлгэр тэмдэглэж байна. Манай аймгийн 100 гаруй мянган хүн амын 70000 нь ном байнга уншдаг гэсэн судалгаа бий. Тиймээс хүн бүр энэ өдрийг тэсэн ядан хүлээдэг. Идэвхтэй ч оролцдог. Өнөөдөр нээлтийн үйл ажиллагаанд 100 гаруй хүн оролцож төрийн албан хаагчид ч үлгэрийн баатрын дүрд хувирлаа. Энэ бол залуу, хойч үедээ их үлгэр дуурайлал үзүүлж хүүхдүүдийг ном унших дадалд сургахад уриалан дуудаж байгаа сайхан үйл ажиллагаа юм” гэлээ.
“Номын баяр”-ын өдөрлөг хоёр өдөр үргэлжилнэ. Энэ үеэр хуучин номын солилцоо, Орхон аймгийн зохиолч,
яруу найрагчдын гарын үсэгтэй номын худалдаа болно.