Халдварт өвчин гарсантай холбогдуулж зарим арга хэмжээ зохион байгуулахыг хориглов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭДорноговь аймагт гараад байгаа гоц халдварт хонины “Цэцэг” өвчний тархалт намжаагүй байна.
Өвчлөл гарсан Айраг, Дэлгэрэх, Улаанбадрах, Сайншанд сумын голомт бүхий газарт сумдын Засаг даргын захирамжийн дагуу албаныхан өндөржүүлэн бэлэн байдал зарлаж, хорио цээрийн дэглэм тогтоон мал, амьтны халдварт өвчинтэй тэмцэх зааврын дагуу холбогдох арга хэмжээг зохион байгуулж буй.
Тус аймгийн Онцгой байдлын комисс хуралдаж Айраг, Дэлгэрэх, Улаанбадрах, Сайншанд сумын зарим багийн нутагт гарсан цэцэг өвчний голомт, нөхцөл байдлын талаар хэлэлцэж холбогдох байгууллага ажил хариуцсан хүмүүст тодорхой үүрэг, чиглэл өглөө.
Үүнд, сумын мал эмнэлэг үржлийн тасаг болон мал эмнэлгийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд, малчдын үүрэг хариуцлагыг сайжруулах, амьд малын гарал үүслийн гэрчилгээ олгохыг хязгаарлах, аймгийн хэмжээнд морь уралдуулах, малын үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар мал олноор бөөгнөрүүлэх, мал тууварлах, баяр наадам, байгууллагын ой зэрэг тэмдэглэлт үйл ажиллагаа зохион байгуулахыг хязгаарлав.
Өвчлөл бүхий газраас мал махан бүтээгдэхүүн тээвэрлэхийг хориглож бусад сумдаас нойтон махыг гарал үүслийн гэрчилгээтэй тээвэрлэхийг зөвшөөрсөн аж.
Х.Эрдэнэбулган