ДУНДГОВЬ: Эрчим хүчний форумд Дундговь аймгийн төлөөлөгчид оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-09-07 08:20:42
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Шанси мужийн Тайюань хотод 9 дугаар сарын 5-6-ны өдрүүдэд зохион байгуулж буй “Эрчим хүчний форум”-д Дундговь аймгийн төлөөлөгчид оролцож байна.


Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ, Засаг дарга Ц.Мөнхбат болон албаны бусад хүмүүс багтжээ. Дундговь аймаг 2016 оны 5 дугаар сараас эхлэн Шанси мужтай гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа эхлүүлж, хэд хэдэн томоохон үйл ажиллагааг хамтран зохион байгуулсан байдаг.


Дэлхийн 34 орны зочид төлөөлөгчид оролцсон тус форумд аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат илтгэл тавьж, тус мужтай найрамдлын харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх, даяарчлалын сөрөг үр нөлөөг даван туулахад дэлхийн улс орнуудын нөхөрсөг харилцаа чухал гэдгийг онцолжээ.


Форумын нээлтэд БНХАУ, Австрали, АНУ, Ямайка, Тайланд, Унгар, Итали, Айсланд, Франц, Мексико, Малайз, Өмнөд Африк зэрэг Олон Улсын төлөөлөгчид оролцож, мэндчилгээ дэвшүүлж, хүлэмжийн хийг бууруулах, орчин үеийн технологийг хөгжүүлэхэд хамтын ажиллагаа, ойлголцол чухал болохыг онцолж, ухаалаг, ногоон эрчим хүч ба сэтгэл ханамжтай ирээдүйг бий болгоход  харилцаа хамтын ажиллагаа, нөхөрлөлийг бий болгож буй чухал үйл ажиллагаа гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.


Түүнчлэн нар, салхи, цөмийн болон устөрөгчийн энерги, дулааны насос зэрэг цэвэр эрчим хүчний технологийн хөгжлийг хурдасгах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилтууд дээр тулгуурлах хэрэгтэй байгааг тэмдэглэж, тогтвортой эко системийн гол хүчин зүйл нь эрчим хүч, стратегийн дэд бүтэц, стратегийн ашигт малтмал, хүний үйл ажиллагаатай салшгүй холбоотой гэдэг дээр санал нэгдэж байгаагаа илэрхийлсэн байна.


Форумын үеэр Шанси мужтай найрамдлын харилцаатай 50 гаруй орны төлөөлөгчдийг оролцуулсан салбар хуралдаан зохион байгуулаж, эдийн засаг, нийгэм, боловсрол, газар тариалан, соёлын хүрээнд хамтын ажиллагааг хөгжүүлж, боловсон хүчнийг чадавхжуулах солилцоог өргөжүүлэх талаар хэлэлцлээ гэж аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

 


Холбоотой мэдээ