Төрсний дараах сэтгэл гутралын эсрэг эмийг хэрэглэхийг зөвшөөрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2023-08-08 13:34:44

ЛОНДОН./ВВС/. Zurzuvae худалдааны тэмдэгтэйгээр борлуулахаар төлөвлөж буй зуранолон гэдэг эмийг өдөрт нэг удаа, 2 долоо хоногийн турш хэрэглэж болно хэмээн АНУ-ын Хүнсний бүтээгдэхүүн, эм бэлдмэлийн чанарын хяналтын алба /FDA/ мэдэгджээ. Ингэснээр хүүхэд төрүүлсний дараах сэтгэл гутралын эсрэг эмийг хэрэглэхийг АНУ-д анх удаа зөвшөөрлөө.


Өнөөдрийг хүртэл венийн судсанд тарих замаар ийм төрлийн сэтгэл гутралыг эмчилсээр ирсэн юм.


Эм үйлдвэрлэгч Sage Therapeutics ба Biogen компаниудын мэдэгдсэнээр бол, шинэ эмийг оны эцсээр худалдаанд гаргах ба үнэ нь тодорхойгүй байгаа ажээ.


Хүүхэд төрүүлсний дараах сэтгэл гутралын үед уйтгар гунигт автах, эрч хүчгүй болох, амиа хорлох сэдэл төрөх, аливаа зүйлээс таашаал авах нь багасах, танин мэдэхүйн чадвар алдагдах гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг. Судалгааны дүнг үзвэл, хүүхэд төрүүлсэн 7 америк эмэгтэй хүн бүрийн нэгд нь эдгээр шинж тэмдэг илэрч байжээ.  


FDA-гийн дэргэдэх Сэтгэцийн эмгэг судлалын төвийн захирал Тиффани Фарчионе ярихдаа “төрсний дараах сэтгэл гутрал бол хүний амь насанд аюултай эмгэг бөгөөд үүнд өртсөн эмэгтэйчүүд уйтгарлан гуниж, өөрийгөө хэнд ч хэрэггүй эсвэл бусдын өмнө буруутай мэтээр төсөөлдөг төдийгүй эмгэг даамжирсан тохиолдолд өөртөө болон хүүхэддээ хөнөөл учруулж болзошгүй” гэлээ.  Шинээр худалдаанд гарах гэж буй эм нь хүнд хэлбэрийн, амь насанд аюул учруулахуйц сэтгэлийн түгшүүрийг арилгаж чадна хэмээн Фарчионе найдаж байна.

Клиник туршилтын дүнг үзвэл, зуранолоныг анх хэрэглэснээс хойш 3 хоногийн дотор дээр дурдсан шинж тэмдгүүд илт багасчээ. Мөн сүүлчийн тунг хэрэглэснээс хойш 4 долоо хоногийн туршид уг эм үйлчилсээр байв.  


Харин эмийг уусны дараа нойр хүрэх, толгой эргэх, гүйлгэх, ядрах, ханиад хүрэх, шээсний замын халдвар гэх мэт гаж нөлөөнүүд илэрчээ. Түүнээс гадна, Zurzuvae  нь автомашин жолоодох гэх мэт чадварт нөлөөлж болзошгүй гэсэн анхааруулгыг эмийн шошгон дээр тавих аж.  


Түүнчлэн Sage Therapeutics болон Biogen компаниудын зүгээс тогтмол /клиник/ сэтгэл гутралын үед зуранолоныг хэрэглэхийг зөвшөөрөхийг хүссэн байна. Үүний хариуд FDA мэдэгдэхдээ, эл тохиолдолд эмийн ашиг тус, үйлчлэлийг нотлох бодит мэдээлэл байхгүй тул нэмэлт судалгаа хийх нь зүйтэй гэжээ.  


Харин Sage Therapeutic компанийн төлөөлөгчид ярихдаа “сэтгэцийн эрүүл мэндийн хямрал газар авч, клиник сэтгэл гутралд автсан олон сая хүн энэхүү эмгэгийн шинж тэмдгүүдийг зөөлрүүлэх арга замыг хайж буй энэ цаг үед ийм шийдвэр гаргасанд харамсаж байгаагаа” илэрхийллээ.   

 

Холбоотой мэдээ