Олон улсын иогийн өдрийг тэмдэглэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2023-06-19 16:29:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын иогийн 9 дэх өдрийг Энэтхэгийн ЭСЯ, Монголын Иогийн Холбоо болон Монголын иогийн төвүүдтэй хамтран Д.Сүхбаатарын талбайд энэ сарын 19-нд тэмдэглэлээ.


Иогийн өдрийг нээж Монгол Улсын Иогийн хамгийн анхны багш, 74 настай Р.Байгаль болон бусад хүндэт зочидтой хамт зул асааснаар эхлүүлсэн бөгөөд Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийн тусгай илгээлт видеог үзүүлэв. Нээлтийн үеэр Энэтхэгийн Элчин сайд М.П.Сингх иог нь бие бялдар, оюун ухаан, оюун санааны цогц арга зам болохын ач холбогдлыг, мөн зургаадугаар сарын 21-нд НҮБ-ээс Олон улсын Иогийн өдрийг дэлхий дахинаа тэмдэглэж байхыг зарласнаас хойш дэлхий даяар хэрхэн асар их алдаршсан талаар цохон тэмдэглэвУИХ-ын гишүүн, Энэтхэг-Монголын парламентын найрамдлын бүлгийн дарга Б.Саранчимэг иог нь Энэтхэг болон оюун санааны хөрш Монгол Улсыг холбогч гүүр болж, бидний соёлын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж байгааг  дурдлаа.

2023 оны Иогийн өдрөөр "Сурья Намаскар" /Нарны мөргөл/-ийг Монголын иогийн багш нар Энэтхэгийн Ачария Гурусвамигийн "Нийтлэг йогийн протокол"-ыг морин хууртай хослуулан үзүүлсэн нь онцлох үйл явдал байлаа. Мөн Монголын уламжлалт бие биелгээ, аэробик иог, цагираг ашигласан  үзүүлбэрийг хүүхдүүд хүрэлцэн ирсэн үзэгчдэд толилуулав. Түүнчлэн Пранаяама болон бясалгалын хичээлүүд иогийн амар амгалан, тайван байдлыг дэмжих хүч, эерэг энергийг хадгалах, стрессийг хэрхэн даван туулах талаар харуулсан юм.

БНЭУ-ын ЭСЯ-наас сүүлийн хэдэн жилийн хугацаанд 40 орчим иогийн багшийг бүрэн санхүүжилттэй Энэтхэгийн тусгай тэтгэлэгт хөтөлбөрт хамруулж, одоогоор 50 гаруй Иогийн төв Монголд иогийн төрөл бүрийн хэлбэрийг сурталчлан үйл ажиллагаагаа явуулж байна. 2019 оноос хойш иогийн тухай дөрвөн ном монгол хэлээр хэвлэгдсэн нь бүх нас, бүлгийн хүмүүсийн дунд иог өргөн дэлгэрч буйг харуулж байна.


Иогийн өдрийн нээлтэд БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингх, УИХ-ын гишүүн, Энэтхэг-Монголын парламентын найрамдлын бүлгийн дарга Б.Саранчимэг, Наро Банчэн гэгээнтэн, Монголын Иогийн Холбооны тэргүүн Б.Туул болон 350-400 орчим иог сонирхогч оролцов.





Холбоотой мэдээ