Улсын 2023 оны төсөв тодотгох, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх гол нөхцөлүүд

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2023-06-09 15:32:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монгол Улс 2023 оны эхний 4 сард экспортолсон нүүрсний нийт хэмжээ өнгөрсөн оны эхний 9 сарын хэмжээтэй дүйцсэн бөгөөд 2023 оны эдийн засгийн өсөлт 6.0 хувьд хүрч, төсвийн тэнцвэржүүлсэн орлого давж биелэх хүлээлттэй байна.


Энэ бол Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн /2023-6-8/ 2023 оны улсын төсвийн тодотголын танилцуулгад байгаа олон тоон үзүүлэлтийн зөвхөн нэг нь гэдгийг онцлох хэрэгтэй. Парламент улсын төсөв тодотгох төслийг өнөөдөр /2023-6-9/-өөс хэлэлцэж эхэллээ. Улсын төсөвт тодотгол хийх хуулийн шаардлага, тодорхой нөхцөлүүд байдаг. Тодорхой нөхцөл бүрдсэн, хуулийн шаардлагад нийцэж байгаа тул Засгийн газар улсын төсөв тодотгох хуулийн төслийг өргөн мэдүүлж УИХ хэлэлцэж байгаа нь энэ. Улсын эдийн засагт энэ оны эхний 4 сард дээрх хэмжээний өсөлт гарахад:

  • уул уурхайн салбар 49.6 хувиар,
  • тээврийн салбар 76.3 хувиар,
  • худалдааны салбар 9.3 хувиар,
  • барилгын салбар 0.2 хувиар тэлсэн нь нөлөөлжээ.

Эдгээр өсөлттэй гарсан салбаруудыг тус бүрд нь авч үзвэл өөр өөрийн онцлогтой байна. Улсын экспортын голлох бүтээгдэхүүн нүүрсний олборлолт, тээвэрлэлт, хилээр нэвтрүүлэх үйл ажиллагаанд үүсээд байсан хүндрэл, бэрхшээлийг арилгах чиглэлд “уурхайн ам” нөхцөлөөр хямд зарагдаж байсан нүүрсээ БНХАУ-ын талтай хамтран ажиллаж, биржээр дамжуулан “хил” нөхцөлөөр ил тод, нээлттэй борлуулж эхэлсэн нөлөөлсөн байх юм. Барилгын салбарын хувьд орон сууцны болон орон сууцны бус барилгын ажил нэмэгджээ. Гэхдээ инженерийн барилга, байгууламж, засварын ажил буурсан нь тус салбар өсөлт багатай гарахад хүргэжээ. Бараа, үйлчилгээ:

  • импорт 55.7 хувиар,
  • экспорт 2.4 дахин өсжээ.

Энэ мэт эдийн засагт эерэг үзүүлэлт өөрчлөлтүүд байна. Гэхдээ манай улсад инфляц сүүлийн 20 сар дараалан 10 хувиас дээш түвшинд хадгалагдаж иргэдийн орлогыг бодитоор буурахад /5.9 хувиар/ нөлөөлжээ. Түүний улмаас өрхийн сарын дундаж бодит орлого эхний улиралд 5.9 хувиар буурсан байна. Тухайлбал:

  • тэтгэвэр, тэтгэмжийн орлого 15.9 хувиар,
  • мал аж ахуйгаас орох орлого 34.7 хувиар,
  • Орлогын бууралтыг байршлаар авч үзвэл:
  • аймгийн төвийн айлуудынх 1.9 хувиар,
  • нийслэлийн өрхүүдийнх 5.1 хувиар
  • сумын төвийн өрхүүдийнх 8.7 хувиар,
  • хөдөөгийн өрхүүдийнх 7.6 хувиар тус тус буурч хөдөөд амьжиргаа илүү хүндэрсээр байна.

Ингэж өрхүүдийн бодит орлого буурахын хажуугаар иргэдийн банкнуудаас шинээр авсан цалин, тэтгэврийн зээл 2023 оны эхний 4 сарыг 2022 оны эхний 4 сартай харьцуулахад:

  •  49.3 хувиар буюу 712.0 тэрбум төгрөгөөр,
  • хадгаламж барьцаалсан зээл 10.5 хувиар буюу 175.0 тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.

Иргэдийн бодитоор буурсан орлогын дээрх тоон үзүүлэлтүүд, үүссэн нөхцөл байдал  Засгийн газарт иргэдийн амьжиргааг дээшлүүлэхийг тулгав гэлтэй. Түүнээс гарахын  тулд: 

  • хүүхэд,
  • ахмад настан,
  • хөгжлийн бэрхшээлтэй иргэд,
  • төрийн албан хаагчдын орлогыг орлогыг нэмэх,

Эдгээр нь улсын 2023 оны төсөв тодотгох гол нөхцөлүүд болжээ. Мөн Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, гол дагуух дэд бүтэц болон нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлэх “Холбоос зам” төслийг 2023 онд нийслэлийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх дүнгээс 187.0 тэрбум төгрөгийг бууруулах замаар санхүүжүүлэх шаардлагатай болсон нь  төсөв хооронд зохицуулалтаар  хийхээс өөр гарцгүй болсон байна. Замын түгжрэлийг бууруулах гарц хайх нь иргэдийн амьдрах орчныг дээшлүүлэх нэг хэлбэр мөн. Ийм учраас  улсын 2023 оны төсөв тодотгох олон шалтгаануудаас иргэдийн амьжиргааг дээшлүүлэх гол нөхцөлүүдийг товч дурдахад ийм байна.

Холбоотой мэдээ