"Эрдэм хакатон 2023" тэмцээний шилдэг төслүүд шалгарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2023-06-05 19:33:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БШУЯ-ны дэмжлэгтэй ШУА-иас "Монголын инновацын 7 хоног”-ийн хүрээнд жил бүр зохион байгуулдаг “Эрдэм хакатон 2023” тэмцээний хаалт өнөөдөр боллоо. 


Тус тэмцээн Инновацын тэргүүлэх чиглэл /2020-2025/-ийн хүрээнд нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах, шинжлэх ухаанд суурилсан, цаашид үйлдвэрлэлд нэвтрэх боломжтой, оюуны өмчийн эрх бүхий инновацын төслийг шалгаруулж хөрөнгө оруулалтаар дэмжих зорилготой юм.


"Эрдэм хакатон" нь Инновацын  тэргүүлэх 5 чиглэл болох Мэдээллийн технологи, Шинэ материалын технологи, Биотехнологи / үйлдвэрлэлийн технологи, Сэргээгдэх эх үүсвэртэй эрчим хүчний технологи, Үндэсний онцлог бүхий соёлын инноваци, бүтээлч үйлдвэрлэл гэсэн чиглэлийн хүрээнд оюуны өмч бүхий бизнес төслүүд өрсөлддөгөөрөө онцлогтой.


Энэ удаагийн тэмцээнд 29 төсөл өрсөлдсөнөөс  5 төслийг шалгарууллаа. Тэргүүн байрт  “Mongolian Artimes” /монгол бүтээгдэхүүнээр нүүрний маск гаргасан/ төсөл шалгарч БШУ-ны сайдын нэрэмжит 20 сая төгрөг гардав. Дэд байрт “Эко хөнгөн бетон” /цементгүй бетон/ төсөл шалгарч ШУА-ийн Ерөнхийлөгчийн нэрэмжит 10 сая төгрөг, гуравдугаар байрт “Meta-cock” /AI ашигласан ажлын ярилцлагын тоглоом/ төсөл шалгарч бусад хамтрагч байгууллагуудын нэрэмжит 5 сая төгрөгийн грантыг хүртсэн юм.


Анх 2017 онд зөвхөн ШУА-ийн судлаачдын дунд зохион байгуулдаг байсан тус тэмцээнд Эрдэнэт, Дархан-Уул аймгаас оролцогчид оролцон илүү өргөн цар хүрээтэй болсныг зохион байгуулагчид онцлов.

Энэ үеэр "Эрдэм хакатон" тэмцээнээс өмнөх жилүүдэд шалгарсан төслүүдийн үр дүнд бий болсон инновацын бүтээгдэхүүнээр үзэсгэлэн дэлгэсэн байлаа.

А.Мичидмаа










Холбоотой мэдээ