Улаанбурхан, улаанууд өвчнөөс сэргийлэх нэмэлт дархлаажуулалтад 10 сартайгаас 8 насны хүүхдийг хамруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2023-05-30 16:10:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Арван сартайгаас найман настай хүүхдүүдийг нэмэлт дархлаажуулалтад хамруулснаар улаанбурхан, улаанууд өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтойг ХӨСҮТ-ийн ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Байгалмаа өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр онцлов.


Учир нь улаанбурхан өвчин вирусээр үүсгэгддэг цочмог халдварт өвчин бөгөөд агаар дуслын замаар буюу халдвартай хүн ханиаж найтаах төдийд маш амархан халдварладаг байна. Ихэвчлэн бага насны хүүхэд өвдөж, өвдсөн тохиолдолд уушгины хатгалгаа, тархины үрэвслээр хүндрэх, улмаар эндэгдэлд хүргэх аюултай.  Өөрөөр хэлбэл, улаанбурхан өвчнөөр өвдсөн таван хүн тутмын нэг нь хүндрэх эрсдэлтэй аж.


2022 оноос улаанбурхан өвчний дэгдэлт гарч байгаа улс орны тоо болоод өвчний тохиолдлын тоо нэмэгдэж, хөрш зэргэлдээ ОХУ, БНХАУ-д дэгдэлт гарч байгаа нь манай улсад халдвар зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэлтэй байна. Тиймээс энэ удаагийн нэмэлт дархлаажуулалтыг нийт хүн амынхаа улаанбурхан өвчний эсрэг дархлалын түвшинг нэмэгдүүлэх, дэгдэлтээс сэргийлэх зорилгоор хийж байгаа юм. Хүн амын дархлалын түвшин өндөр байх нь улаанбурхан өвчнийг хяналтад авах хамгийн чухал ар
гын нэг.


Нэмэлт дахлаажуулалтыг тавдугаар сарын 29-нөөс зургаадугаар сарын 10-ны хооронд явуулж 10 сартайгаас 8 насны хүүхдийг хамруулах юм.


Дархлаажуулалтын эхний өдрүүдэд сургууль, цэцэрлэг дээр нь, зуны амралт эхэлснээс хойш сум, өрхийн Эрүүл мэндийн төв дээр улаанбурхан, улаануудын эсрэг вакциныг хийнэ. Энэ удаагийн нэмэлт дархлаажуулалтад өмнө нь товлолын дагуу улаанбурхан, гахай хавдар, улаануудын вакцин хийлгэсэн, хийлгээгүйг үл харгалзан заасан насны бүх хүүхэд хамрагдах ёстой. Харин сүүлийн нэг сарын дотор ямар нэгэн вакцин тариулсан бол түр хойшлуулах аж. 

Холбоотой мэдээ