ДУНДГОВЬ: “Мандалговь хүнс” ХХК Монгол Улсын “Шилдэг татвар төлөгч”-өөр шалгарав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-05-11 12:15:02
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. Хүнсний манлай үйлдвэр “Мандалговь хүнс” ХХК Монгол Улсын “Шилдэг татвар төлөгч” топ 10 компанийн нэг боллоо.

Татвар төлөгчдийн өдрүүдээр жил бүр ийнхүү “Шилдэг татвар төлөгч” байгууллагуудыг шалгаруулдаг ба энэ жил “Мандалговь хүнс” ХХК жижиг сегментийн 36000 аж ахуй нэгжээс 2022 оны татвар төлөлтийн хэмжээгээр бизнес скоринг “А” үнэлэгджээ.

“Мандалговь хүнс” ХХК нь Дундговь аймагтаа хамгийн том, хамгийн олон ажилтантай, хамгийн олон бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хэрэглэгчдийн хүнсний хэрэгцээний тодорхой хувийг хангадаг, өөрийн гэсэн сүлжээ дэлгүүрүүдтэй хүнс үйлдвэрлэгч юм.

Тус компани 1995 онд байгуулсан бөгөөд өнөөдөр 40 гаруй ажилтантай, үйлдвэрлэлийн 5 цехтэй, аймгийн хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан 60 гаруй нэр төрлийн талх, талхан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг “Хүнсний манлай үйлдвэр” болжээ.

“Дэлхийн технологиор Дундговийн брэндийг үйлдвэрлэх” уриатай тус үйлдвэр Дундговь аймгийн талх, талхан бүтээгдэхүүний хэрэглээний 60-70 хувийг, нарийн боовны 40 орчим хувийг нийлүүлдэг ба үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 40 гаруй хувийг эмчилгээ сувилгаанд нийцсэн талх, сүүн бүтээгдэхүүн эзэлдэг байна. 



Холбоотой мэдээ