ДУНДГОВЬ: Татвар төлөгчдийн өдрүүдийг "Цахимаар үйлчлүүлье" уриан дор тэмдэглэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр жил
бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Татвар төлөгчдийн өдрүүд”
болгон 24 дэх жилдээ зохион байгуулж байна. Энэ өдрүүдэд ямар үйл ажиллагааг зохион байгуулж байгаа талаар аймгийн Татварын
хэлтсийн дарга М.Туяацэцэгээс тодрууллаа.
-Татвар төлөгчдийн
өдрүүдээр ямар онцлог ажил зохион байгуулж байна вэ?
-Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр жил
бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Татвар төлөгчдийн өдрүүд”
болгон зохион байгуулснаас хойш 24 жил болж байна.
2020 оноос хойш Татварын алба хууль эрх зүйн
орчин, зохион байгуулалт, үйл ажиллагаандаа
маш олон шинэчлэл хийсэн. Тухайлбал, татвар төлөгчдөд хандсан үйл ажиллагааны
шинэчлэлийн хүрээнд үйлчилгээний чанар хүртээмж, ил тод, нээлттэй байдлыг
нэмэгдүүлэх замаар “ҮЙЛЧИЛГЭЭНД СУУРИЛСАН
АЛБА“ болох зорилго тавин
татварын бүх үйлчилгээг 100 хувь цахим хэлбэрт шилжүүлсэн. Аль болох
үйлчилгээг хэрэглэгчдэдээ ойртуулж, цахимаар харилцах боломжийг бүрдүүлсэн
гэсэн үг юм. Тиймээс энэ жилийн хувьд улсын
хэмжээнд Татвар төлөгчдийн өдрүүдийг “Цахимаар үйлчлүүлье“ уриан дор тэмдэглэн
өнгөрүүлнэ.
Манай байгууллага аймгийн ЗДТГ-тай хамтран энэ өдрүүдийг угтаж, “Бид хариуцлагатай татвар төлөгч“ аяныг нэг сарын хугацаатай
зохион байгууллаа.
-“Татвар төлөгчдийн өдрүүд”-ийн гол зорилго юу
вэ?
-Төсвийн орлого бүрдүүлж байгаа татвар төлөгчдөдөө
“баярлалаа” хэмээн талархал илэрхийлж, тэдний үйл ажиллагаа, оролцоог иргэдэд
танилцуулах, сурталчлах үндсэн зорилготой юм.
Энэ өдрүүдэд уламжлал болон зохион байгуулдаг үйл ажиллагаа бол “Шилдэг татвар төлөгч” байгууллагуудыг шалгаруулан алдаршуулж, олон нийтэд танилцуулдаг. Аймгийн хэмжээнд бид татварын
хууль тогтоомжийг сурталчлан, сургалт хийж, мэргэжил арга зүйгээр ханган, зөвлөгөө
өгөх чиглэлээр ажиллаж байна.
Мөн ирээдүйн татвар төлөгчдөд зөв ойлголт,
хандлагыг бий болгохын тулд тэдний дунд гар
зургийн уралдаан, шилдэг контент шалгаруулах уралдаан зохион байгуулдаг. Энэ нь
уламжлал болсон ажил юм. Энэ бүх уралдааныг цахим болон танхимаар зохион
байгуулж байна.
Мөн “Бид хариуцлагатай татвар төлөгч” аяны
хүрээнд хэрэгжүүлсэн ажлын үр дүнг татвар төлөгчидтэйгөө хамтран дүгнэж, “Бизнес
эрхлэгчдийн чуулган”, спортын тэмцээн зохион байгуулах зэрэг олон ажлыг төлөвлөөд
хийж байна.
-“Шилдэг татвар төлөгч”-ийг хэрхэн шалгаруулдаг
вэ?
-Мэдээж улсын хэмжээнд “Шилдэг татвар төлөгч” шалгаруулдаг тусгай журам
байгаа. Татвар төлөлтөөс авхуулаад маш олон шалгуур үзүүлэлтээр эдгээр
байгууллагыг тодруулдаг. Энэ жилийн хувьд улсын хэмжээнд нийт 2084 “Шилдэг
татвар төлөгч” шалгарсан байна. Манай аймгийн Хүнсний манлай үйлдвэрлэгч “Мандалговь хүнс“ ХХК тэдгээр байгууллагуудын нэг болж “Шилдэг
татвар төлөгч” байгууллагаар шалгарсан байна. Ийм сайхан мэдээтэйгээр бид “Татвар
төлөгчдийн өдрүүд”-ийг угтаж байгаадаа баяртай байгаа.
Мөн аймгийнхаа хэмжээнд “Шилдэг татвар төлөгч” байгууллагуудаа бас
шалгаруулсан. Удахгүй нийтэд зарлаж, танилцуулна.
-Төсвийн орлогын
төлөвлөгөөг өнгөрсөн онд нэлээд давуулж биелүүлсэн. Энэ оны хувьд ямар байна
вэ?
-Дэлхий нийтийг хамарсан цар
тахлын хүнд цаг үе тулгарч,
улс орны эдийн засаг унаж байсан хэдий ч татвар төлөгчдийн маань зүтгэл, нөр их ажил хөдөлмөрийн үр шимээр энэ
хүндрэлийг даван туулсаар байгаа.
2022 онд
төсвийн орлогыг нийт 111 хувиар давуулан биелүүлсэн. Харин он гарсаар сар бүр мөн л төлөвлөгөөгөө
давуулан биелүүлж байгаа, эхний 4 сарын байдлаар улсын төсвийн орлого 141,1 хувь, аймгийн төсвийн орлого 300,5
хувь, сумын төсвийн орлого 111,3 хувь нийт төсвийн орлогын төлөвлөгөөний
гүйцэтгэл 126,2 хувиар давуулан биелүүлж байна.
Тиймээс аймгийнхаа нийт татвар төлөгчдөд “БАЯРЛАЛАА” гэж
хэлье. “Татвар
төлөгчдийн өдрүүд”-ийг тохиолдуулан татвар төлдөг бүх хэрэглэгчиддээ баяр хүргэж, ажил, амьдралд нь хамгийн
сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
-Ярилцсан танд баярлалаа.