СҮХБААТАР: Бүх нийтээр мод тарих ажлын бэлтгэлийг хангаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-05-08 17:04:32

Баруун-Урт /МОНЦАМЭ/. "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн, Бүх нийтээр мод тарих өдрийн хүрээнд Сүхбаатар аймгийнхан энэ сарын 13-нд нийтээрээ мод тарина. Мөн 5 дугаар сарын 1-нээс 6 дугаар сарын 1-нийг хүртэл мод тарих хаврын аяныг аймгийн БОАЖГ-аас зарлажээ. Үүнтэй холбоотойгоор мод тарих бэлтгэл ажлыг хангаж эхэлсэн байна.


Модонд цэнэг усалгаа, тайралт хийхийн зэрэгцээ шинээр тарих модны нүхийг бэлтгэж байна. Энэ удаад боловсролын байгууллагуудын нэрэмжит төгөлд 1000 ширхэг, Наадаан ресортын замд, Уртын голын цэцэрлэгт хүрээлэн, Ахмадын сувиллын зам дагуу зэрэг газарт олон тооны мод шинээр тарихаар төлөвлөжээ. Нэмэлтээр тойргийн замуудад нөхөн тарилт хийж, бүх нийтийн эзэмшлийн зам талбайд ч мод тарих аж. Үүнээс гадна ААНБ-ын ажилчид тус бүр 10 ширхэг, иргэн бүр таван ширхэг мод тарих үүргээ биелүүлэхийг БОАЖГ-аас сануулав.

Мөн энэ хүрээнд тарьц суулгацын үзэсгэлэн худалдааг зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд оролцогч байгууллагууд үнийн стандартыг барих, өөрөөр хэлбэл харилцан адилгүй, хэт өндөр үнээр худалдахгүй байхыг чиглэл болгожээ. Үзэсгэлэн худалдаа 5 дугаар сарын 10, 11-нд болох бөгөөд одоогоор таван ААНБ оролцохоо мэдэгджээ.  

Холбоотой мэдээ