Улс төрийн намын тухай хууль өргөн баригдсанаараа батлагдвал 2024 оноос хэрэгжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-04-20 10:50:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх хэлэлцүүлгийг хийж байна. 


Тус хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 7 бүлэг, 46 зүйлтэй юм. Үүнд: 

-Нэгдүгээр бүлэгт хуулийн зорилт, хуулийн үйлчлэх хүрээ, нэр томъёоны тодорхойлолт, улс төрийн намын эрх, үүрэг, намд эвлэлдэн нэгдэх иргэний эрх, намын дотоод зохион байгуулалт ардчилсан байх, нам цахим орчинд үйл ажиллагаа явуулах, намын үйл ажиллагаанд хориглох зүйл;

-Хоёрдугаар бүлэгт улс төрийн намыг үүсгэн байгуулах, бүртгүүлэх, сонгуулийн төв байгууллагын уламжилснаар Улсын дээд шүүх улс төрийн намыг бүртгэх, бүртгэхээс татгалзах зохицуулалтын талаар;

-Гуравдугаар бүлэгт намын бүтэц, зохион байгуулалтыг дэлхийн чиг хандлага, дотоод ардчилал, хүний эрх, жендерийн тэгш эрхийг хангах зарчмуудын дагуу уян хатан бүтэцтэй, хүний эрхийг дээдэлсэн, гишүүдийн оролцоо, эмэгтэйчүүд, залуучууд, ахмад үе, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн сонирхлын бүлгүүдийн оролцоог дэмжсэн, бодлогын нам болж ажиллах асуудлыг;

-Дөрөвдүгээр бүлэгт намын үйл ажиллагааг идэвхгүйд тооцох, өөрчлөн байгуулах, намын үйл ажиллагааг зогсоох, намыг тараах зохицуулалт;

Улс төрийн намуудын үйл ажиллагааг идэвхгүйд тооцох тухай заалтыг уг хуулийн төсөлд ийнхүү заагаад буй. Тодруулбал, Сонгуулийн төв байгууллага тухайн улс төрийн намыг идэвхгүйд тооцох тухай шийдвэрийг гаргана. Ингэхдээ УИХ-ын ээлжит сонгуульд хоёр удаа дараалан оролцоогүй, хоёр жил дараалан санхүүгийн тайлангаа гаргаагүй, намынхаа хурлыг тодорхой хугацаанд хуралдуулаагүй бол идэвхгүйд тооцно. Намыг идэвхгүйд тооцсон бол тус намд олгох төрийн санхүүжилтийг зогсоох бөгөөд нам бүх шатны сонгуульд оролцох эрхгүй болохоор хуульчилсан хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар энэ үеэр тайлбарлаж байв.

-Тавдугаар бүлэгт намуудад төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх нөхцөл шалгуур, түүний мөнгөн болон мөнгөн бус хэмжээ, хуваарилалт, шилэн санхүүжилтийн зарчим, зарцуулалтын зориулалт, гишүүний татвар, хандив, намын өөрийн хөрөнгө, түүнээс олсон орлогын талаар;

-Зургадугаар бүлэгт намууд санхүүгийн тайлан гаргах, тайланг мэдүүлэх, аудит хийлгэх, сонгуулийн төв байгууллага тайланг нягтлан шалгах, нийтэд мэдээлэх, улмаар намын тайлантай холбоотой алдаа зөрчилд тооцох хариуцлагын талаар; 

-Долдугаар бүлэгт бусад асуудлыг тусгасан байна. Энэхүү хуулийг ирэх оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр одоогийн төсөлд тусгажээ. 

Холбоотой мэдээ