ДУНДГОВЬ: Өндөршилийн багачууд тууль хайлж уралдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-03-27 11:40:11
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. “Эх дэлхийгээ аврагч жиргээ” холбоо, Өндөршил сумын Соёлын төв хамтран тус суманд “Эзэн тахилын тууль хайлах” уралдааныг анх удаа зохион байгууллаа.


Монгол тууль нь монгол ардын аман билгийн нэн эртний онцгой төрөл. Учир нь туульсын бүтээлүүд нь эртний цадиг, шүтлэг, бөө мөргөл, бурхны шашин, домог зүйн болон уран сайхны сэтгэлгээний олон үеийг хадгалсан байдаг аж.

Үүн дотроо үлгэр, домог, ерөөл магтаал, зүйр цэцэн үг, цацал мялаалга, бэлгэ дэмбэрлийн үг, дом шившлэг зэрэг аман зохиолын олон төрөл зүйлийг багтаана.

Тууль нь зөвхөн хэлийн урлаг төдийгүй хөгжим, аялгуу, туульчийн уран чадвар, хайлах, хэлэх ёс жаяг, зан үйлийг багтаасан нийлмэл урлагийн цогц бүтээл юм.  

Нэрт эрдэмтэн, академич Ц.Дамдинсүрэн хэлэхдээ “Олонд алдартай үлгэрч, туульч нар болбоос нүүдэлчин монголчуудын үзэх жүжиг, сонсох хөгжим, унших ном гурвыг нэгэн зэрэг орлож, нэг жүжигчинтэй театрын үүргийг гүйцэтгэж байсан” гэжээ.


Тус уралдаанд 54 авьяаслаг хөвгүүд оролцож, авьяас ур чадвар, оюун ухаанаа сорин, монгол ардын аман билгийн гайхамшгийг толилуулжээ. Уралдааны ерөнхий шүүгчээр Монголын Үндэсний урлагийн зөвлөлийн тэргүүн, Соёлын тэргүүний ажилтан Б.Хосбаяр, “Эх дэлхийгээ аврагч жиргээ” холбооны тэргүүн Д.Наранцогт, Говьсүмбэр аймгийн Боржгин чуулгын хөгжмийн багш, хөөмийч, Соёлын тэргүүний ажилтан М.Содномжамц нар  ажиллаж, шилдэг туульчдыг шалгаруулсан байна.



Тус уралдааны “Хамтлаг” төрөлд Ч.Цэрэнпүрэв багштай 7 дугаар ангийн “Гэрэгэ” хамтлаг түрүүлж, А.Алимаа багтай 4 дүгээр ангийн” Эзэн Чингис хамтлаг, Т. Алтанзул багштай 8-р ангийн “Чингисийн баатрууд” хамтлаг удаалжээ.

Харин 1-5 дугаар ангийн “Гоцлол” төрөлд 4 дүгээр ангийн сурагч М.Ганцоож түрүүлж, удаах байруудад Э.Буян-Эрдэнэ, Н.Цэрэндаваа нар шалгарсан бол дунд ангиас 7 дугаар ангийн сурагч Ү.Түвшинбаяр түрүүлж, 8 дугаар ангийн сурагч Д.Доржсамбуу, 6 дугаар ангийн сурагч С.Түвшин-Эрдэнэ нар тодорсон байна.

Шүүгчийн нэрэмжит шагналаар 3 дугаар ангийн сурагч Т.Бат-Эрдэнэ, “Шилдэг багш”-аар багш А.Алимцэцэг, Ч.Цэрэнпүрэв нар шалгарчээ.

Уралдаан нь үзэгч олны талархал хүлээсэн, сэтгэлийг хөгжөөсөн, ардын урлагаа дээдэлж, хүүхэд залуучуудад таниулсан өргөн дэлгэр наадам болсныг зохион байгуулагчид онцлов. 



Холбоотой мэдээ