Шинжлэх ухааны академийн суурь нь “Судар бичгийн хүрээлэн”
ТОЙМ
Улаанбаатар
/МОНЦАМЭ/. Дэлхийн
олон улсын шинжлэх ухааны зөвлөл болон ЮНЕСКО хамтран Бүгд Найрамдах Унгар
Улсын нийслэл Будапешт хотноо 1999 онд зохион байгуулсан Дэлхийн шинжлэх ухааны
бага хурлаар жил бүрийн 11-р сарын 10-ны өдрийг “Дэлхийн шинжлэх ухааны
өдөр” болгон тэмдэглэж байхаар тунхаглажээ. Харин 2001 оноос эхлэн энэ
өдрийг “Энх тайван, хөгжил дэвшлийн төлөө дэлхийн шинжлэх ухааны өдөр”
хэмээн албан ёсоор тэмдэглэдэг уламжлал тогтсон байна.
Шинжлэх ухаан
нь судалгааны үр дүнгээр гарган авсан, зохион байгуулалтад оруулсан
мэдлэг мэдлэгийн цогц ажээ. Шинжлэх
ухааныг хоёр үндсэн бүлэгт хуваана.
- Байгалийн шинжлэх
ухаан - энэ нь байгалийн аливаа юмс үзэгдлийг судалдаг бүх төрлийн шинжлэх
ухаан орно.
- Нийгмийн шинжлэх
ухаан - энэ нь хүн болон нийгмийн юмc үзэгдлүүдийг судалдаг байх жишээтэй.
Математикийг зарим
тохиолдолд гурав дахь бүлэг хийсвэр шинжлэх ухаан (formal
science) гэж ялгах тохиолдол бий гэнэ. Учир нь
математик нь дээр дурдсан байгалийн болон нийгмийн шинжлэх ухаануудын аль
алинтай нь төстэй болон ялгаатай талуудыг агуулсан байдаг онцлогтой аж. Хийсвэр
шинжлэх ухаанд статистик, логикийн төрлүүд багтана. Хийсвэр шинжлэх ухаан нь
таамаглал, онол, физикийн хуулиудын үндэс болох ба улмаар тэдгээр нь байгалийн
болон нийгмийн аливаа үзэгдлийн мөн чанарыг нээх, илрүүлэх суурь болдог гэж
үздэг байх юм. Шинжлэх ухааны сэтгэхүйг XIII-XIX зуунаас өмнөх үед гагцхүү
оюун ухааны сэдэлт, дедиктив логикийн захирамжаар тодорхойлдог байжээ.
Манай улсад БНМАУ-ын Ардын
Их Хурлын Тэргүүлэгчдийн 1961 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн зарлигаар
Шинжлэх ухааны академийг (ШУА) байгуулсан байна. Улмаар1961 оны 5 дугаар сарын
22-ны өдөр ШУА-ийн анхдугаар чуулган хуралдаж, зохион байгуулалтын
асуудлыг хэлэлцэн академийн анхны гишүүдээ сонгожээ. Монгол Улсад эрдэм
шинжилгээний ажил дагнан эрхлэх анхны бие даасан шинжлэх ухааны төв байгууллага
бий болсон байх юм.
Монгол түмний
дэвшилтэт оюун санааны мөрөөдөл болсон өөрийн үндэсний Шинжлэх ухааны Академиа
байгуулсан нь Монгол Улсын хөгжил дэвшлийн түүхэнд олсон бахдам амжилтын
нэг бөгөөд Үндэсний сэхээтэн, эрдэмтэдтэй болсны илрэл, төрийн
бодлогын томоохон амжилт байв гэж ШУА-ийн танилцуулгад дурджээ.
ШУА нь 1961 оноос
хойш нэрт эрдэмтдээр эгнээгээ өргөжүүлж, нийт 138 эрдэмтэн академийн гишүүн
(академич)-ээр сонгогдсон бөгөөд эдүгээ салбар салбарын тэргүүлэх эрдэмтдээс
бүрдсэн 63 гишүүн буюу академичтай байна. Монгол Улсын Шинжлэх ухааны
Академийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу манай академи шинжлэх ухааны
салбараар зохион байгуулсан салбарын Бага чуулган, Академийн, шууд харьяалалд 14 эрдэм
шинжилгээний хүрээлэн байна. Түүнд 1122
ажилтан албан хаагч ажиллаж байна.
Монгол Улсад орчин
цагийн шинжлэх ухааны академийн суурь нь Засгийн газрын 1921 оны 11 дүгээр
сарын 19-ний өдрийн тогтоолоор байгуулагдсан “Судар бичгийн хүрээлэн” гэж үздэг
байх юм. Тус хүрээлэн Шинжлэх ухааны хүрээлэн, Шинжлэх ухаан, дээд
боловсролын хүрээлэн болон өргөжин тэлсээр өнөөдрийн ШУА-ийн өнгө төрхөө олжээ. Шинжлэх ухаан бол хүн төрөлхтний
энх тайван, хөгжил дэвшилд зориулагдах учиртай. Тэр зорилгын үүднээс энэ өдрийг
дэлхий нийтээр тэмдэглэх болсон болов уу?
Ташрамд дурдахад,
Их хаан Хубилай XIII зуунд “Бичгийн мэргэдийн хүрээлэн” буй болгосон нь
монголчууд эрдэм номыг эрхэмлэн дээдэлж ирсний гэрч болон үлджээ.